МОНГОЛЫН ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ ХОЛБОО ХОНКОНГИЙН ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРНА

Монголын туялзуур сэлэмний холбоо, Хонконгийн туялзуур сэлэмний сургуультай (Hong Kong Fencing School) хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэгт зурав. Тус ёслолд Монголын туялзуур сэлэмний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Маркетингийн комиссийн тэргүүн Б.Гантулга, Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Галданжамц, Хонконгийн туялзуур сэлэмний сургуулийн Ерөнхий захирал Вон Цан нар оролцлоо. Уг харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Хонконгийн туялзуур сэлэмний сургууль нь Монголын туялзуур сэлэмний холбооны харьяа клубуудыг менежмент, цаг төлөвлөлт, маркетинг, зохион байгуулалтын чиглэлээр зөвлөгөө өгөн дэмжихээс гадна 2 удаагийн хамтарсан бэлтгэл зохион байгуулах юм. Хамтын ажиллагаа 2017 оныг дуустал үргэлжилнэ.