ЕРӨНХИЙ КОНСУЛ С.ЭРДЭНЭ ХОНКОНГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАГЧИД БАРААЛХАВ

Ерөнхий захирагч Лян Жөн-ин Хонконг, Монголын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна гээд цаашид худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд Хонконгийн Засгийн газар цаашид ч анхаарч ажиллах болно гэв.

Ерөнхий консул С.Эрдэнэ талууд “Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр” байгуулсныг сайшаан тэмдэглэж, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр”-ийг энэ жилдээ багтаан байгуулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Мөн 3 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Ерөнхий консул С.Эрдэнэ БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Хонконг дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Тонг Шиаолинг-тэй уулзаж Монгол, Хятадын харилцааны зарим тодорхой асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр хатагтай Тонг Шиаолинг Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суух Ерөнхий Консул С.Эрдэнэд Консулын экзекватурыг гардуулав.