Төрсний бүртгэл

Монгол Улсын харъяат иргэд болон холимог гэр бүлээс төрсөн хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлдэг журамтай. Үүнээс дээш хоногийн дотор бүртгүүлээгүй бол хугацаа хоцорсон бүртгэл гэж үзэх бөгөөд 1 жилээс дээш хугацаанд бүртгүүлээгүй бол төрсний бүртгэлгүй гэсэн лавлагаа авсны дараа бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:  

  • 1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд, гаргацтай бөглөх
  • 2. Төрсний гэрчилгээ авах дараах өргөдлүүдээс эцэг, эх тохирох маягтыг бөглөнө (Өргөдөлд эцэг, эх хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн Хонконг-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна) :
  • - Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг татах
  • - Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг бөглөх загвар татах
  • - Гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс гаргах өргөдлийн маягт татах
  • - Гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс гаргах өргөдлийн маягт бөглөх загвар татах
  • - Хүүхдийг эхээр нь овоглоход  гаргах өргөдлийн маягт татах
  • - Хүүхдийг эхээр нь овоглоход  гаргах өргөдлийн маягт бөглөх загвар татах
  • - Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх эхийн өргөдлийн маягт татах
  • - Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх эхийн өргөдлийн маягт бөглөх загвар татах
  • - Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх эцгийн өргөдлийн маягт татах
  • - Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх эцгийн өргөдлийн маягт бөглөх загвар татах
  • 3. Эцэг, эхийн иргэний хүчинтэй цахим үнэмлэхний хуулбар /ар, өвөр/ Гадаад паспорт, хуучин иргэний үнэмлэхээр үйлчлэх боломжгүй. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, цахим иргэний үнэмлэхээ аваагүй иргэд ЕКГ-т биеэр ирж шинэчилсэн бүртгэлд хамрагдана уу.
  • 4. Эцэг, эхийн Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол энэ нь Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бүртгэлд ордоггүй тул тус ЕКГ-т гэрлэлтээ бүртгүүлж болно. Гэрлэлтийг бүртгэхэд хосууд заавал биеэр ирнэ)
  • 5. Хүүхэд Хонконг-д төрснийг гэрчилсэн бичиг баримтын хуулбар (Birth certificate)
  • 6. Үйлчилгээний төлбөр

Анхаарах:

Эцэг эх өөрийн биеэр ирж хүүхдээ бүртгүүлэх боломжгүй бол шуудангаар илгээх ба төрсний гэрчилгээг буцааж хүлээн авах дугтуйг (төлбөрийг хийсэн, хаягласан) хамт хийж илгээнэ үү. Tracking number бүхий баталгаат шууданг сонгоно уу.

ЕКГ материалыг хүлээн авч хянаад бичиг баримтын бүрдүүлэлт бүрэн тохиолдолд төрсний бүртгэлд бүртгэн авч, төрсний гэрчилгээ бичиж, төрсний бүртгэлийн маягтын хамт буцах дугтуйд хийж Хонконг-д оршин суугаа хаягаар хүргүүлнэ. Эцэг, эх шууданг хүлээн авмагцаа төрсний гэрчилгээг авч үлдэн, маягтад /Маягтын А Б тал 2-ийн аль алинд эцэг эх гарын үсэг зурж, бүртгүүлсэн хүн гэдэгт эцэг эхийн аль нэг нь гарын үсэг зурна/  гарын үсэг зурж буцаан хайгч дугаар/tracking number/-тай шуудангаар ЕКГ-руу илгээнэ.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй, эцгээр нь овоглож байгаа хүүхдийн төрснийг бүртгэхдээ төрсний бүртгэлээс гадна эцэг тогтоолтын бүртгэл хийдэг тул мөн эцэг тогтоолтын бүртгэлийн маягт бичигддэг. Энэ маягтад мөн гарын үсэг зурна. ЕКГ эцэг, эхийн гарын үсэг зурсан маягтыг хүлээн авч баталгаажуулан Оюуны Өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээснээр хүүхдийн төрсний бүртгэл Монгол Улсад баталгаажна.