ХОНКОНГИЙН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨВИЙН ДАРГА КРИСТИН ВУНГТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суух Ерөнхий консул О.Хулан 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хонконгийн хүнсний импорт, экспортын асуудалд хяналт тавих үүрэг бүхий Хүнсний аюулгүй байдлын төвийн дарга Кристин Вунгтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтаар Ерөнхий консул О.Хулан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэгээр хүнс, хөдөө аж ахуйн салбарыг тодорхойлж, хүнс экспортлогч орон болох ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгааг танилцуулав.
Улмаар хадагтай Кристин Вунг Хонконгийн хүнсний зах зээлийн 90 хувийг эх газар болон бусад орноос хангадаг тул эрүүл ахуйн стандарт, хууль эрх зүйн нарийвчилсан зохицуулалттай байдгийг онцлоод Хонконгийн зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл солилцов. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхэд тусгай зөвшөөрөл авдаг бол гурил, зарим хүнсний ногоо нийлүүлэхэд зөвшөөрөл шаардлагагүй аж.
Талууд эхний ээлжинд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх тухай хамтарсан протокол байгуулах ажлыг эхлүүлэх талаар санал нэгдэв.
Уулзалтын төгсгөлд хадагтай Кристин Вунг 12 дугаар сарын 07-ны өдөр болох Хонконгийн хүнсний аюулгүй байдлын семинарт, үзэсгэлэнд Ерөнхий консул О.Хуланг оролцохыг урьж, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн болно.