Хонконгийн эдийн засгийн тухай

2022-10-20


Хонконг нь өөрийн гэсэн улс төр, хуулийн тогтолцоо, мөнгөний нэгжтэй дэлхийн том эдийн засагтай харилцах бүх төрлийн сувагтай бизнесийн өргөн боломж бүхий БНХАУ-ын ЗЗОБүс юм.
Нэг улс, хоёр систем бодлогын зарим давуу тал нь:
  • Гадаадын эзэмшлийн хөрөнгийн хязгаарлалт байхгүй;
  • Англи, хятад гэсэн хоёр албан ёсны хэлтэй боловч бизнес болон гэрээний харилцаанд англи хэлийг түлхүү ашигладаг;
  • Мэдээлэл, хувьцаат хөрөнгө, ур чадвар, бараа бүтээгдэхүүнийг чөлөөтэй эргэлтэнд оруулах боломжтой;
  • Олон улсын худалдаа, эдийн захиргаанд харилцаанд бие даан оролцдог.
 
Дэлхийн өрсөлдөх чадвар хамгийн  өндөр эдийн засгийн нэг
Удирдлагын хөгжлийн олон улсын институт (IMD) нь Дэлхийн өрсөлдөх чадвар 2022 эмхэтгэлд дэлхийн хөгжингүй 63 эдийн засгаас Хонконгийг тавдугаарт эрэмбэлсэн байна. Өрсөлдөх чадварыг үнэлэхдээ дөрвөн үзүүлэлтийг ашигласан нь эдийн засгийн үзүүлэлт, засаглалын болон бизнесийн үр ашигтай байдал ба дэд бүтэц юм. Мөн дагалдагч хүчин зүйлсэд бизнесийн орчин, төрийн санхүү, татварын бодлого болон олон улсын хөрөнгө оруулалтын таатай орчин зэрэг ордог байна. 
Хонконгт оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчныг маш сайн бүрдүүлж чадсан нь бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлсэн байдаг. Мөн чөлөөт боомтын статус, татварын хувь хэмжээ бага, захиргааны оролцооноос ангид бөгөөд тогтвортой санхүүгийн зах зээлтэй учраас Хонконг хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татдаг.
Хонконгийн үйлдвэрлэлийн салбарт барьж буй бодлого нь нарийн дүрэм журамтай боловч Азийн хөрөнгө оруулалт ихээр татаж буй бусад орныхтой харьцуулахад шаардлага багатай хэвээр байна. Энд шинэ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүх чиглэлээр дэмждэг бөгөөд валютын урсгал чөлөөтэй. Гэвч барилгын салбарт олон төрлийн зөвшөөрөл шаардлагатай, мөн орчныг бохирдуулагч үйлдвэрүүд хатуу хяналттай тулгардаг.
Гадаадын хөрөнгө оруулагчдад тусгайлан чиглэсэн дүрэм журам байхгүй, бүх аж ахуйн нэгжүүд Компанийн тухай хууль, дагалдах бичиг баримтын шаардлагыг дагаж мөрдөх ёстой. Харин орон нутгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 49 хувиас хэтрэхгүй байхаар, мөн хуулийн үйлчилгээний хувьд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг хязгаарлана.
Хонконгт гадаад валютын урсгал, капитал оруулах, буцаан авах, шууд хөрөнгө оруулалтаас олсон ашиг, ногдол ашгийг хөрвүүлэх, шилжүүлэхэд ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй. Энэн нь гадаадын хөрөнгө оруулагчдад Хонконгт хөрөнгө оруулах итгэлийг ихээр төрүүлж өгдөг байна.
2002 онд Хууль тогтоох зөвлөлөөс хар тамхины наймаа, зохион байгуулалттай гэмт хэргээс олсон орлогыг мөшгих, хураахыг зөвшөөрсөн мөнгө угаахтай тэмцэх хууль тогтоомжийг баталсанаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1373 тоот тогтоолын дагуу терроризмыг санхүүжүүлэх хөрөнгийг битүүмжлэх эрхийг эрх баригчдад олгосон. Мөн Хонконгийн Мөнгөний бодлогын газраас банкуудад терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ тайланг тогтмол ирүүлж байхыг үүрэг болгосон.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Худалдаа ба хөгжлийн конференцийн Дэлхийн хөрөнгө оруулалтын 2020 оны тайланд Хонконгийг дэлхийн хоёр дахь том гадаадын шууд хөрөнгө оруулалт хүлээн авагч болохыг дурдсан байдаг.
Хонконгт гадаад, дотоодын компанийн ашгаас 16.5 хувийн татвар ногдуулдаг. Харин гарааны бизнесийг дэмжих зорилгоор эхний 255 мянган ам.долларын ашгийн татварын хувь хэмжээг 8.25 хувиар тогтоосон байна. Гадаадын хөрөнгө оруулагчдад давуу болон ялгаварлан гадуурхсан экспорт, импортын бодлого байхгүй, адил эрх тэгш үйлчилнэ.
Статистик мэдээгээр 2021 онд 3,983 гадаадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагаа бүртгэгдсэн байна. Хонконг технологийн салбараа түлхүү хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа тул илүү олон гарааны бизнес эрхлэгчдийг татахаар ажиллаж байгаа бөгөөд нийт гарааны бизнес эрхлэгчдийн 26 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай байна.