Хоёр талын харилцаа
2022-10-20
2011 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалаа Хонконгоос эхлүүлж, мөн өдөр Монгол Улсын Ерөнхий консулын газрыг Хонконгт албан ёсоор нээсэн.
Манай талаас Хонконгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэрэг болон Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд нар айлчилж байсан.
Хонконгийн талаас Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий захирал, Хонконгийн Үнэт цаас, фьючерсийн хорооны дарга зэрэг албан тушаалтнууд Монголд айлчилж байсан.
Хонконгийн тухай
ХОНКОНГИЙН ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ, НУТАГ ДЭВСГЭР, ХҮН АМЫН БҮТЭЦ
Хонконг нь Хятадын зүүн өмнөд хэсэгт оршдог, газарзүйн ашигтай байрлал бүхий, өндөр хурдацтай хөгжиж буй томоохон боомт хот юм.
Хонконг нь 1104 км2 газар нутагтай, Хонконг арал, Зюлун хойг болон бусад 262 жижиг арлаас бүрдсэн, суб-тропикийн бүсэд оршдог, агаарын температурын хэлбэлзэл ихтэй, далайн эргийн халуун, чийглэг уур амьсгалтай.
2022 оны байдлаар 7,4 сая хүн амтай, нэгж талбайд ногдох хүн амын нягтшил их, 1 км2 талбайд 7140 хүн ногдоно. Хүн амынх нь дийлэнх хэсэг буюу 91 орчим хувийг хятад үндэстэн эзэлдэг бол үлдэх хэсгийг Хонконгт оршин сууж буй Индонез, Филиппин, Европ гаралтай иргэд, Энэтхэг, Пакистан, Непал, Тайланд гаралтай иргэд эзэлдэг. Албан ёсны хэл нь хятад, англи.
ХОНКОНГИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БҮТЭЦ
Хонконгийн Тулгуур хууль (бичиг үндсэн хууль)-ийн дагуу Хонконг нь гадаад харилцаа болон батлан хамгаалахаас бусад чиглэлээр автономит эрх эдэлдэг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс юм. Тулгуур хуулиар Ерөнхий захирагч болон Ерөнхий зөвлөлийн тэргүүлсэн гүйцэтгэх засаглал болон бие даасан хуулийн тогтолцооны автономит эрхүүд олгогддог. Их Британи Хонконгийг БНХАУ-д хүлээлгэн өгөхдөө энэхүү тогтолцоог 50 жилийн хугацаанд өөрчлөхгүй байхаар тогтсон байдаг.
Хонконгийн Хууль тогтоох зөвлөл нь 90 гишүүн бүхий хууль тогтоох дээд байгуулага юм. Хууль тогтоохоос гадна уг зөвлөл нь олон нийтийн эрх ашгийг хамгаалсан асуудлуудыг хэлэлцэх, төсвийг хянан батлах, дээд шүүхийн ерөнхий шүүгч болон бусад шүүгчдийг томилох, чөлөөлөх зэрэг үүргийг хүлээдэг.
Ерөнхий захирагч нь Хонконгийн Засгийн газрын тэргүүн бөгөөд сонгуулиар сонгогдож Хятадын төв Засгийн газраас батламжилдаг албан тушаалтан юм. Тулгуур хуулийг хэрэгжүүлэх, төсвийг захиран зарцуулах, Засгийн газрын бодлогыг тодорхойлох, захирамж шийдвэр гаргах зэрэг эрх, үүрэгтэй.
Ерөнхий захирагчийн шууд удирдлага дор Удирдах зөвлөл ажилладаг. (манайхтай дүйцүүлбэл, Засгийн газар) Удирдах зөвлөл нь Ерөнхий захирагчийн удирдлага дор гүйцэтгэх засаглалын үүрэг гүйцэтгэнэ. Мөн бодлого боловсруулахад оролцох, төсвийн зарцуулалт, хуулийн хэрэгжилтийн талаар Хууль тогтоох зөвлөлд танилцуулах үүрэгтэй ажилладаг.