САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ТӨРИЙН САНГИЙН ХОРООНЫ УДИРДЛАГАТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Ерөнхий консул О.Хулан, Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааний газрын дарга Г.Золбоо болон бусад төлөөлөгчид Хонконгийн Санхүүгийн үйлчилгээ, төрийн сангийн хорооны нарийн бичгийн дарга Кристофер Хуйтай уулзалт хийж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны талаар танилцуулж, үнэт цаасны салбарын шинэчлэлт, хөрөнгө оруулагчдын оролцоог идэвхжүүлэх хүрээнд хоёр тал хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн шинээр батлагдсан Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын банк, сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцаад Кристофер Хуйг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив. Кристофер Хуй хоёр талын цаашдын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлж, тус уулзалтын дараа Монгол Улсын Сангийн яам, Хонконгийн Санхүүгийн үйлчилгээ, төрийн сангийн хорооны хоёр талын ажлын хэсэг Давхар татвараас зайлсхийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэв.