images

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ХОНКОНГ" АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР

Консулын газрын мэдээ

2023-12-05

224

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тэргүүтэй Төв банк, Хөрөнгийн бирж, Сангийн яам, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын банкны холбоо, арилжааны банк, брокерын компаниудын 60 гаруй төлөөлөгчид 2023 оны 11 сарын 26-30-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд ажлын айлчлал хийх үеэр зохих дэмжлэг үзүүллээ. 
Монголын талын төлөөлөгчид Хонконгийн Санхүүгийн үйлчилгээ, төрийн сангийн хорооны Нарийн бичгийн дарга (Сангийн сайд) Кристофер Хуй, Хонконгийн Мөнгөний бодлогын хорооны (Хонконгийн төв банк) дарга Эдди Ю, Хонконгийн Үнэт цаас, фьючерсийн зөвлөлийн ерөнхийлөгч Тим Луй, Хонконгийн Хөрөнгө оруулалтын агентлагийн Ерөнхий захирал Альфа Лау, Хонконгийн Хөрөнгийн биржийн Олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан захирал Сильвиа Чэн нартай тус тус уулзаж, Монгол, Хонконгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк, санхүүгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн тодорхойлов. Мөн энэ үеэр Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл хоёр талын ажил хэргийн уулзалтууд амжилттай боллоо.
Айлчлалын хүрээнд тус Ерөнхий консулын газар Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Хонконгд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Монголын хөрөнгийн зах зээл - Хонконг” сэдэвт хуралдааныг зохион байгуулав. Тус арга хэмжээнд Монгол улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн санхүү, хөрөнгө оруулалт, банк, хөрөнгийн биржийн салбарын 100 гаруй төлөөлөгч оролцсон онцлогтой байв.
Уг арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Санхүүгийн үйлчилгээ төрийн сангийн хорооны дэд нарийн бичгийн дарга Жозеф Чэн, Ерөнхий консул О.Хулан, Хонконгийн Хөрөнгийн биржийн Олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан захирал Сильвиа Чэн нар нээж үг хэлэв. Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай “Монголын хөрөнгийн зах зээлийн одоогийн байдал, хэтийн төлөв”, Торонтогийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй “Эрдэнэ ресурс” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал А.Билгүүн “Монголын хөрөнгийн биржэд давхар бүртгэлийг нэвтрүүлэхийн ач холбогдол” сэдвээр илтгэл тавив. Хонконгийн талаас хөрөнгийн биржийн IPO үйл ажиллагааг дэмжих газрын захирал Жаклин Жианг “Хонконгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй гадаадын компаниудын үйл ажиллагаа”, Эрнст энд Янг аудит компанийн Ази, Номхон далайн орнууд хариуцсан ахлах мэргэжилтэн Кейт Погсон “Монголын банкуудын IPO гаргасан талаар” тус тус илтгэл тавьж оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.  
Түүнчлэн арилжааны банкнууд Хонконгд салбараа нээх болон Хонконгийн хөрөнгийн биржэд IPO хийх талаар мэдээллийг холбогдох албаны хүмүүсээс авах уулзалтуудыг зохион байгуулав. 
Үүний дотор Хонконгд банкны салбар байгуулахад лицензтэй банк бол 300.0 сая хонконг доллар буюу 38.0 сая ам.доллар, хязгаарлагдмал лицензтэй банк 100.0 сая хонконг доллар буюу 12.7 сая ам.доллар, депозит хүлээн авагч компани 25.0 сая хонконг доллар буюу 3.2 сая ам.долларын дүрмийн сантай байхыг Мөнгөний бодлогын хорооноос шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхдээ шалгуур үзүүлэлт болгох бөгөөд гадаадын банкыг дэлхийн стандартад нийцсэн олон улсын аудитын компаниар санхүүгийн тайландаа аудит хийлгэсэн байхыг шаардана.
Мөн Хонконгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргахад үндсэн бүртгэл, хоёрдогч бүртгэл гэсэн хоёр төрлөөр гаргаж болно. Үндсэн статусаар бүртгэгдэхэд гадаадын компани өөрийн нэрээр бүртгэгдэх боломжтой, хоёрдогч бүртгэлээр бүртгэгдэхэд Хонконгд бүртгэлтэй нэрээр гаргах боломжтой. Хоёрдогч бүртгэлд дагаж мөрдөх дүрмийн шаардлага нь арай цөөн байх бөгөөд Хонконгийн хөрөнгийн бирж цар тахлын дараа үеэс жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү хамруулах зорилт тавин ажиллаж байна.