ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХОНКОНГИЙН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА (ТЭЭВРИЙН САЙД) ЛАМ САЙ-ХУНГТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хонконгийн Тээвэр, логистикийн хорооны Нарийн бичгийн дарга (Тээврийн сайд) Лам Сай-хунгтай уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Хонконгтой дэд бүтэц, тээвэр, логистик чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцав. Лам Сай-хунг Хонконгийн томоохон тээвэр, дэд бүтцийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл буюу BOT (Build - Operate – Transfer) зарчмын дагуу хэрэгжүүлж ирснийг танилцууллаа. Талууд хоёр улсын тээвэр, логистикийн салбарын Төр, засаг, хувийн хэвшлийн төлөөллийн оролцоотой уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцож, далайн боомтын ашиглалтын хүрээнд хамтран ажиллах боломжтой талаар санал солилцов. Мөн Монгол Улсад 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах хүрээнд Улаанбаатар-Хонконг чиглэлийн шууд нислэгийн үйл ажиллагааг дэмжиж, цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах саналтай буйгаа талууд илэрхийлэв. Тухайлбал, хоёр улсын хоорондын шууд нислэгийн зорчигчийн тээврээс гадна карго тээврийн хамтын ажиллагааг бэхжүүлэн гүнзгийрүүлэх бүрэн боломжийг ашиглан харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх талаар ярилцав.