ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХОНКОНГИЙН САНГИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА (ШАДАР САЙД) ПОЛ ЧЭН-ТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан Хонконгийн Сангийн асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга (Шадар сайд) Пол Чэн-тэй 2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хонконгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн, харилцан хөрөнгө оруулалтын дэмжих үүднээс “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” Монгол, Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах, хоёр улсын хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг дэмжих, Монгол Улсад 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Монгол Улсад “Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай” хуулийн хүрээнд хамтран ажиллах, Монгол, Хонконгийн санхүү, хөрөнгө оруулалт, банк, хөрөнгийн зах зээлийн салбарын төлөөлөгчдийг холбох зэрэг асуудлаар ярилцав.
Хонконгд 2 их наяд орчим ам. долларын хөрөнгө эргэлдэж буйг Хонконгийн тал онцолж, тус бүс нутгийн санхүүгийн төв статусыг ашиглан Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах бүрэн боломжтойг онцлон тэмдэглэв.
Цаашид талууд хоёр талын хөрөнгө оруулагч нарыг холбох арга хэмжээг хамтран зохион байгуулж, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.