images

МАКАОГИЙН ТАЛТАЙ ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ ХЭРЭГТ ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ БОЛЛОО

Консулын газрын мэдээ

2024-03-05

200

Сүүлийн үед Макаод зорчих манай иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан 2017 онд “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын  хэлэлцээр”, 2019 онд “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгуулсан.
 
“Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төслийг Макаогийн талтай 2019 онд тохирч үзэглэсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаод 2024 оны 02 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд айлчлуулж, энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
 
Уг хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын шүүхийн байгууллагууд иргэний болон арилжааны хэргийн асуудлаар харилцаж, өөрийн нутаг дэвсгэрт буй иргэн, аж ахуйн нэгжид шүүхийн болон шүүхийн бус баримт бичиг гардуулах, шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэгт шаардлагатай нотлох баримтыг нөгөө талын шүүхэд хүсэлт гаргаж авах, гэрч, шинжээчээс тодорхой асуудлаар тайлбар мэдээлэл авах, мөн шүүх хуралдаанд оролцуулах зарлан дуудах хуудсыг гардуулах, шүүхээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч нөгөө талын нутаг дэвсгэрт гүйцэтгэх, дотоодын хууль, шүүхийн асуудлаар харилцан мэдээлэл солилцох, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх зэрэг практик ач холбогдолтой юм.
 
Ажлын айлчлалын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Макаогийн захирагч Хо Иат Сэнтэй уулзаж, хоёр орны иргэдэд тулгамдаж буй нийтлэг асуудал болоод цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Макаогийн Аюулгүй байдал эрхэлсэн Нарийн бичгийн дарга (сайд) Вонг Сио Чак-тай уулзаж, хоёр орны иргэдийн шилжилт хөдөлгөөн, хил, гаалийн хяналт шалгалт, аюулгүй байдлын асуудлаар санал солилцсон. Энэ үеэр ноён Вонг Сио Чак Макао нь 46 мянган зочид буудлын өрөөтэй, өдөрт 80 мянган жуулчин хүлээн авах хүчин чадалтай гэдгийг дурьдаад төсвийн орлогын 80 гаруй хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлдэг тул жуулчдын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч буйгаа цохон тэмдэглэв.

тагууд: aboutCG