images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХОНКОНГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА (САЙД) ЧУН-МАУ ЛО-ТОЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-03-08

164

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан Хонконгийн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга (сайд) Чун-мау Ло-той  2024 оны 3 дугаар сарын 7-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хонконгийн эрүүл мэндийн хамтын ажиллагаа, түүний дотор Монгол, Хонконгийн хоорондын эрүүл мэндийн харилцан аялал жуулчлал, эмч, сувилагч нарын мэргэжил дээшлүүлэх, Хонконгийн иргэдийг Монгол Улсын шүдний эмнэлэгт эмчлүүлэх, эм зүй, эм үйлдвэрлэл, эм хангах нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Хонконгийн эрүүл мэндийн салбар Азийн бүс нутагтаа тэргүүлэх байр суурь эзэлдэг улсын хувьд өөрийн арвин туршлагаасаа хуваалцах, эмч, сувилагч нарын мэргэжил дээшлүүлэхээс гадна эмнэлгийн менежментийг цогцоор сайжруулж, магадлан итгэмжлэл хийх зэрэг зүйлд хамтран ажиллах саналыг хонконгийн талаас дэвшүүлэв. Мөн Хонконгд шүдний эмчийн хомсдол бий болсныг хонконгийн тал мэдээлж, өөрийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж гадаад улс орнуудын шүдний эмч нарыг Хонконгийн улсын эмнэлэгт ажлуулах хууль эрх зүйн орчин бүрдэж буйг онцлон тэмдэглэв.
Ноён Чун-мау Ло Хонконгд 2024 оны 5 дугаар сард зохион байгуулагдах Олон улсын анагаах ухаан, эрүүл мэндийн үзэсгэлэнд Монгол Улсын холбогдох байгууллагын төлөөлөгчдийг урьж, хоёр талын эмнэлэг хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх саналыг дэвшүүлэв.
Хонконгд 43 улсын эмнэлэг байдаг, эрүүл мэндийн салбарын төсөв 11.5 тэрбум ам. доллартай тэнцдэг, наслалтаараа дэлхийд тэргүүлэх байр эзэлдгийг хонконгийн тал онцлон тэмдэглэж, цаашид ч монголын талтай харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

тагууд: aboutCG