images

ДЭЛХИЙ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРЭЛЧ НОХОЙН 6 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОВ

Консулын газрын мэдээ

2024-03-08

161

БНХАУ-ын ЗЗОБ Хонгконгд 2024 оны 3 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхий гаалийн байгууллагын эрэлч нохойн 6 дугаар чуулга уулзалтад Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төвийн дарга Б.Наранбадрах тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Хонконгийн Гаалийн газраас зохион байгуулсан Дэлхий гаалийн байгууллагын эрэлч нохойн 6 дугаар чуулга уулзалтад дэлхийн 40 улс орны 90 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд энэхүү арга хэмжээг анх удаа Азид зохион байгуулсан онцлогтой байв. Аливаа улс орны аюулгүй байдал, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаанд эрэлч нохойн гүйцэтгэж буй чухлыг хурлын оролцогчид онцлон тэмдэглэв.
Хонконгийн гаалийн нохойн алба сүүлийн жилүүдэд гарсан томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэв. Тухайлбал, Дэлхий гаалийн байгууллагын бүсийн нохой сургалтын төвийн статустай шинэ нохойн үржүүлгийн төвийг байгуулж, ухаалаг хүзүүвч, ухаалаг K9 менежментийг хэрэгжүүлж буй онцлогтой юм.
Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төвийн дарга Б.Наранбадрах, улсын байцаагч Н.Ганболд, И.Солонго, Т.Буянжаргал нар уг арга хэмжээнд оролцож, Монгол Улсад эрэлч нохойн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шинэ арга барил, амжилтыг танилцуулж, бусад улс орны гаалийн байгууллагын төлөөлөлтэй хоёр талын уулзалтууд хийж, цаашид тогтмол туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 2 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Хонконг, Макаод хийсэн ажлын айлчлалын хүрээнд хийгдсэн хоёр талын уулзалтын үеэр хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймааг таслан зогсооход аливаа улс орны эрэлч нохойн албад онцгой чухал үүрэг гүйцэтгэдгийг онцлон тэмдэглэсэн билээ.

тагууд: aboutCG