images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О. ХУЛАН ХОНКОНГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОРООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Консулын газрын мэдээ

2024-04-22

187

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан Хонконгийн Аялал жуулчлалын хорооны дэд дарга Жоаннэ Чу, Хонконгийн Аялал жуулчлалын зөвлөлийн гүйцэтгэх захирлын орлогч Беки Айпи, Байгууллагын харилцаа хариуцсан ерөнхий менежер Алис Ли, Худалдаа хөгжил хариуцсан захирал Хэнри Вонг нартай 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр уулзалт хийв.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хонконгийн харилцан аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хонконгоос Монгол руу аялах жуулчдын тоог нэмэгдүүлэх, хоёр талын GoMongolia, Hello Hong Kong аялал жуулчлалыг идэвхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Хонконгийн тал аялал жуулчлалын салбар нь Их булангийн бүс /БНХАУ-ын  Гуандун-Хонконг-Макаогийн Их булангийн бүс нь Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүс, Гуанжоу, Шэньжэнь зэрэг есөн хотын захиргаанаас бүрддэг, 86.0 сая хүн амтай, өмнөд Хятадын хамгийн өндөр хөгжилтэй бүс нутаг/-д нөлөө бүхий олон тооны жуулчид хүлээн авдаг болохоо дурьдаад өөрийн арвин туршлагаасаа хуваалцах, Монголын үзэсгэлэнт байгальд аялах, морин аялал хийх гэх мэт сонголтот боломжуудын талаар судалгаатай мэдээлэл авах, медиа компанийг ирүүлж сурталчилгааны видео хийх, хоёр талын аялал жуулчлалын онцлогийг сурталчлан таниулах талаар дэлгэрэнгүй ярилцав.
Ерөнхий консул О.Хулан энэ сарын сүүлээр Хонконг дахь ЕКГ, Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын Аялал Жуулчлалын мэргэжлийн холбоод хамтран Хонконгд зохион байгуулахаар ажиллаж буй GoMongolia уулзалт, арга хэмжээнд оролцохыг албан ёсоор урилаа.  
Хонконгийн оршин суугчид Япон, Макао, Тайвань зэрэг аялал жуулчлал хөгжсөн улсуудад очих дуртай, аюулгүй байдалдаа онцгой анхаардаг болохыг харж болно. Тэд жилд дундажаар 25 орчим тэрбум ам.долларыг гадаад аялалд зарцуулдаг бөгөөд нэг хүн нэг аялалд ойролцоогоор 3500 ам.доллар зарцуулдагаараа дэлхийд тэргүүлж байна. Хонконгийн оршин суугчид түүх, соёлын (50.8%), байгаль-автомашины (31%), гэрэл зургийн (35%), спортын (23.7%) аяллыг илүү сонирхдог онцлогтой. Хонконгд 1500 орчим аялал жуулчлалын компаниуд байдаг, аялал жуулчлалын салбарт дэлхийд тэргүүлэх байр эзэлдгийг хонконгийн тал онцлон тэмдэглээд, цаашид  монголын талтай харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

тагууд: aboutCG