images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХОНКОНГИЙН ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МАРГАРЕТ ФОНГ-ТОЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-04-22

195

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан Хонконгийн Худалдаа, хөгжлийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Маргарет Фонг-той  2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хонконгийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, хоёр улсын аж ахуй нэгж хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх талаар санал солилцов. Тухайлбал, Хонконгийн Худалдаа, хөгжлийн зөвлөл жил бүр 40 гаруй үзэсгэлэн, худалдааны арга хэмжээ зохион байгуулж буйг танилцуулж, уг арга хэмжээнд БНХАУ, Азийн бүс нутгаас гадна дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулах, түншээ олох, харилцан ашигтай хамтран ажиллах таатай платформ болж ирснийг  тэмдэглэв.
Мөн энэ оны 10, 11 сард дэлхийн кино, телевиз, театр, мюзикл, компьютерын тоглоом бүтээлчдийг холбох яармагийг Хонконгйин Худалдаа, хөгжлийн зөвлөлөөс шинээр зохион байгуулахаар төлөвлөж буйг онцлов. Жишээ нь, энэхүү арга хэмжээний үеэр олон нийтэд танигдсан киноны бүтээлээр телевизийн цуврал хийх, компьютерын тоглоом бүтээх зэрэг хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой талбар болох юм.
Хонконгийн Худалдаа, хөгжлийн зөвлөлийн талбарыг ашиглан харилцан ашигтай аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг мөн дурдав. Тухайлбал, тухайн улсын хоол, хүнс, кино урлаг, ном, сэтгүүлийн яармагийн үеэр зарим улс орнууд өөрсдийн тухай дэлгэрэнгүй танилцуулга хийснээр тухайн улс, орнуудад зорчиж буй аялал жуулчлалын урсгал нэмэгдэж байсан түүхийг танилцуулав. Жишээ нь, Японы Хоккайдо мужийн алсагдмал тосгонд БНХАУ-ын нэг уран сайхны киноны хэсгийн зураг авалт хийгдсэнтэй холбогдуулан тухайн кино олон нийтэд гарсан жилд БНХАУ-аас нэмэлтээр 2.5 сая жуулчин Хоккайдо мужид аяласан тоо гарсныг хонконгийн тал дурдаж, кино урлагын чухлыг тэмдэглэв.
Цаашид Худалдаа, хөгжлийн зөвлөлтэй хамтран олон салбарыг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог гүнзгийрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн, Хонконгийн Худалдаа, хөгжлийн зөвлөлийн зүгээс Хонконгийн олон улсын төв статусыг бэхжүүлэх, Нэг бүс, нэг зам санаачилгыг хэрэгжүүлэх, Хонконг, Макао, БНХАУ-ын Гуандун мужийн нэгтгэсэн “Их булангийн бүс”-ийн хөгжил, Байгаль орчин, нийгэм, компанийн засаглалын үзэл санааны дагуу ажиллах, Инноваци, технологи, Стартап, гарааны бизнесийг дэмжих зэрэг чиглэлээр түлхүү ажиллаж буйг тэмдэглэж, цаашид энэ хүрээнд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Хонконгийн Худалдаа, хөгжлийн зөвлөл 1966 онд байгуулагдсан бөгөөд Хонконгийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд олон улсын зах зээлд гарах боломж, өөрийн бүтээгдэхүүнээ бусад улс оруудад түгээхэд дэмжлэг үзүүлдэг байгууллага юм. Сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрүүд (ЖДҮ)-ийн түлхүү дэмжиж, бусад улс орнуудын бизнесийн түншүүдтэй холбохын төлөө ажиллаж ирсэн болно.

тагууд: aboutCG