“GO MONGOLIA - ROADSHOW HONG KONG” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ
Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газар нь Монголын Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, аялал жуулчлалын компаниудыг холбох бизнес уулзалт, арга хэмжээг тус хотноо зохион байгууллаа. Арга хэмжээг нээж Ерөнхий консул О.Хулан, Монголын Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Дэд ерөнхийлөгч В.Батзориг нар үг хэлсэн бөгөөд нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид монгол ардын дуу бүжгийн тоглолтыг ирсэн зочдод сонирхуулан танилцуулав.
Энэхүү арга хэмжээнд Хонконгийн гадагш чиглэсэн аялал жуулчлалын компаниудын зөвлөл /Travel Industry Council of Hong Kong/, Хонконгийн аялал жуулчлалын агентлагуудын холбоо /Federation of HK Chinese Travel Agents/, тэргүүтэй Хонконг болон Хятадын Их булангийн бүсийн 50 гаруй компанийн төлөөлөл хүрэлцэн ирсний дотор, жишээлбэл Хятадын төрийн өмчит анхны аялал жуулчлалын компани болох “China Travel Service” байлаа. Тус компани нь Хонконгт 40 гаруй салбартайгаас гадна дэлхийн 14 улсад 21 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Дээрх агентлагуудтай Монголын 21 компани “В2В” уулзалт хийж, бүтээгдэхүүн хөтөлбөрөө борлуулан танилцуулж байсан нь уулзалтыг ажил хэрэгч уур амьсгалтай болголоо. Уулзалтад хүрэлцэн ирсэн зочдын дунд хөгжөөнт тоглоом тоглуулж, хонжворт сугалаа явуулан Монгол орноор аялах, морь унах, жуулчны баазуудаар үнэгүй үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнасан нь арга хэмжээг улам сонирхолтой болгож өгөв.
“Go Mongolia Roadshow – Hong Kong” арга хэмжээний үр дүнд Монголын аялал жуулчлалын компаниуд Хонконгийн ижил төрлийн компаниудтай хэлхээ холбоо тогтоосноос гадна бүтээгдэхүүнээ борлуулж чадсан нь Монгол-Хонконгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх үүд хаалгыг нээв. Статистик тоо мэдээгээр 2023 онд давхардсан тоогоор Хонконгоос гадагшаа 72 сая иргэн жуулчлан явсан бол гаднаас 38 сая жуулчин тус хотыг үзэхээр хүрэлцэн иржээ.