images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН АНТ ГРУППЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ЖЕННИФЕР ТАН-ТАЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-05-06

134

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан “AlipayHK” компаний Гүйцэтгэх захирал асан, тус компанийн эзэмшигч болох “Ант Групп”-ын дэд ерөнхийлөгч Женнифер Тан-тай 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хонконгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын хамтын ажиллагаа, хоёр улсын иргэд, аж ахуй нэгж хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх талаар санал солилцов. Тухайлбал, 2024 оны 5 дугаар сараас эхлэн Монгол Улсын “HiPay” аппликэйшнийг ашиглан Хонконгийн “AliPayHK” сүлжээнд нэгдсэн дэлгүүр, аж ахуйн нэгжүүдэд төлбөр тооцоо хийх боломжтой болсныг талууд сайшаан тэмдэглэж, цаашид БНХАУ-ын эх газар, Макаод энэхүү төлбөр тооцооны механизмыг ашиглах талаар санал солилцов. Аливаа аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гадаад валют солих, олон улсын төлбөр тооцооны хэрэгслийн хэрэглээг хялбарчлах гэх зэрэг асуудлыг чухалчилдаг тул цаашид “AliPayHK” платформын сүлжээг ашиглан Монгол, Хонконгийн аялал жуулчлалын урсгал, иргэд хоорондын харилцаа, аж ахуйн нэгж хоорондын гүйлгээг дэмжих тухай ярилцав.
Өдгөө “AliPayHK” компани Хонконгд 5 сая хэрэглэгчтэй бөгөөд өөрийн төлбөр тооцооны сүлжээ, хамтрагч нарын хүрээг тэлж, олон улсын төлбөр тооцооны “AliPay +” сүлжээг хөгжүүлэн Макао, Сингапур, Филиппин, Индонези, БНСУ, Малайз, Тайланд, Итали, Монгол Улс зэрэг орнуудын хэрэглэгчид энэхүү сүлжээг ашиглан төлбөр тооцоо хийх боломжийг нээсэн болно. Мөн өнөөгийн байдлаар “AliPayHK” хэрэглэгчид Хонконг, БНХАУ-ын эх газар, Филиппин, Индонези зэрэг улс орнуудын хооронд хувь данс хоорондын гүйлгээ хийх боломжтой бөгөөд цаашид хамрагдаж буй улс орнуудын хүрээг тэлэхээр ажиллаж буйг “AliPayHK” компаний зүгээс мэдэгдэж байна.

тагууд: aboutCG