images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХОНКОНГИЙН БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА (САЙД) КРИСТИН ЧОЙ-ТОЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-05-06

120

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан Хонконгийн Боловсролын асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга (сайд) Кристин Чой-той 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хонконгийн боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, Хонконгийн их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудын тоо жилээс жилдээ нэмэгдэж буйг талууд тэмдэглэж, цаашид “Нэг бүс, нэг зам” санаачилгын боловсролын тэтгэлгийн хүрээг тэлж, Хонконгд суралцаж буй оюутнуудын тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов. Мөн Монгол, Хонконгийн их, дээд сургуулиуд хамтран ажиллаж буйг талууд сайшаан тэмдэглэж, цаашид Хонконгийн иргэдийг Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж, мэргэжил дээшлүүлэх, Хонконгийн их, дээд сургуулийн судалгааны лабораторийг Монгол Улсад байгуулах, багш нарын мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
БНХАУ-ын ЗЗОБ Хонконг боловсролын салбарт жилдээ 100 гаруй тэрбум хонконг долларын (12.5 орчим тэрбум ам. доллар) төсөв зарцуулдаг бөгөөд нийт Хонконгийн Засгийн газрын төсвийн 20 хувийг боловсролын салбарт зарцуулж, ирээдүйд хөрөнгө оруулж буйг хонконгийн тал онцлов.
Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн жагсаалтад Хонконгийн 5 их сургуульд багтдаг бөгөөд цаашид энэхүү тоо нэмэгдэх чиг хандлагатай байгааг хонконгийн тал тэмдэглэв. Түүнчлэн, Хонконгд төсвөөс санхүүждэг буюу улсын сургуулиас гадна нийт 30 улс орны сургалтын хөтөлбөртэй 55 олон улсын бүрэн дунд боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд англи, хятад хэлийг хосолсон дэлхийн түвшний суурь боловсролыг санал болгож буйг танилцуулав.
Тус уулзалтад Хонконгийн их, дээд сургуульд компьютерын инженер, хиймэл оюун ухаан, нийгмийн ухаан, сэтгэл зүй, бизнес зэрэг мэргэжлээр суралцаж буй Г.Номун, С.Хүслэн, Э.Анхбаяр, Г.Марал, Э.Анар нар оролцож, Хонконгд суралцахын давуу тал, тулгарч буй сорилт, Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэхэд хэрэгжүүлэх нь зүйтэй арга хэмжээний талаарх санал онолоо хуваалцав.
 
 

тагууд: aboutCG