images

ХОНКОНГИЙН МАТИЛДА ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ХҮҮГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛ САЙЖИРЧ НУТАГ БУЦАХ ГЭЖ БАЙНА

Консулын газрын мэдээ

2024-05-09

136

Хонконгийн Матилда олон улсын эмнэлэгт Монгол Улсад эмчлүүлэхэд хүндрэлтэй, ховор, нарийн мэргэжлийн эмч, эмчилгээ шаардсан онош тогтоогдон, хагалгаа хийх шаардлагатай зэрэг өндөр зардал бүхий эмчилгээнд санхүүгийн боломжгүй монголын хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлүүлэх сайн үйлсийн аяныг Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газар, Хонконгийн Матилда олон улсын эмнэлэг, МИАТ ТӨХК-тай хамтран 2023 оны 12 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Хонконгд эмчлүүлэхээр 2024 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүрэлцэн ирсэн 7 настай хүү Г.Ц гурван удаа хагалгаанд орсон бөгөөд хүүгийн эрүүл мэндийн байдал сайжирч, 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр нутаг буцах гэж буйтай холбогдуулан энэ өдөр Хонконг дахь Ерөнхий консулын газрын албан хаагчид Матилда олон улсын эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан албан хаагчдад талархлаа илэрхийлэн уулзлаа. Мөн Хонконгийн Матилда олон улсын эмнэлгээс гадна Хонконгийн Пэддэр Хэлз эмнэлгийн гурван баг хагалгааг амжилттай гүйцэтгэхэд оролцож, бяцхан хүүгийн ирээдүйд үнэлэх боломжгүй хувь нэмэр оруулав.
Хонконгийн Матилда олон улсын эмнэлэг нь 117 жилийн түүхтэй бөгөөд өндөр зардал бүхий эмчилгээнд хамрагдах санхүүгийн боломжгүй хүүхдүүдэд “Матилда хүүхдийн сан”-гаас санхүүгийн тусламж үзүүлдэг. Энэхүү сангийн тусламжаар Матилда олон улсын эмнэлэг нь үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг бол эмч нар сайн дурын үндсэн дээр мэс засал хийж өгдөг онцлогтой. Энэхүү сан 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд олон улс орны 65 хүүхдийг 95 мэс засалд хамруулж, эдгээр бяцхан хүүхдийн амьдралд томоохон хувь нэмэр оруулсан.
Цаашид ч Монгол Улсад эмчлүүлэхэд хүндрэлтэй, ховор, нарийн мэргэжлийн эмч, эмчилгээ шаардсан онош тогтоогдон, амь насыг нь аврах шаардлагатай мэс заслын үйлчилгээг сонгон шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийхээр төлөвлөж буйг Матилда олон улсын эмнэлгээс мэдэгдэж байна.
Матилда олон улсын эмнэлэг Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Эх нялхсын төв эмнэлэг, Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар болон бусад сайн дурын байгууллагуудтай хамтран хүүхдийг сонгон шалгаруулдаг болно.

тагууд: aboutCG