images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХОНКОНГИЙН УРЛАГИЙН ФЕСТИВАЛЬ НИЙГЭМЛЭГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗЛАА

Консулын газрын мэдээ

2024-06-13

210

Монгол Улсаас БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Ерөнхий консул О.Хулан 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хонконгийн урлагийн фестиваль (Hong Kong Arts Festival)-ийг зохион байгуулагч нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Флора Ю, урлагийн хөтөлбөр хариуцсан захирал Со Квок-ван нартай уулзлаа. Тус фестиваль нь жил бүрийн 2-3 дугаар сард өргөн цар хүрээнд болж өнгөрдөг, дэлхийн олон орны уран бүтээлчдийн жүжиг, бүжиг, музикал зэрэг тайзны уран бүтээлийг Хонконгийн үзэгч олонд толилуулдаг фестиваль юм. “Hong Kong Arts Festival Society Ltd” нь 1977 онд үүсгэн байгуулагдсан шинэ залуу тайзны уран бүтээлчдийг дэмжих зорилготой байгууллага ба жил бүр фестиваль зохион байгуулахдаа Хонконгийг Азийн болон олон улсын соёл урлагийн төв болгох зорилготой юм. Тус нийгэмлэг нь дэргэдээ Соёлын төв болон урлагийн сургуультай үйл ажиллагаа явуулдаг.
Ерөнхий консул О.Хулан энэхүү уулзалтаар монголын уламжлалт өв соёл болон орчин үеийн урлагийн хөгжлийн талаар танилцуулж, сүүлийн үед олон улсад нэрд гарч байгаа монголын уран бүтээлчдийн тайзны урлагийг Хонконгд толилуулах сонирхолтой буйгаа илэрхийлсэн бол Хонконгийн тал энэ чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн. Мөн Ерөнхий консул О.Хулан Хонконгийн урлагийн фестивалийн үеэр Монголын өв соёл, өвөрмөц урлагийг Хонконгийн үзэгчдэд толилуулах нь Хонконгийн “Азийн дэлхийн хот” гэх статуст хувь нэмэртэй гэдгийг онцлоод “Hong Kong Arts Festival Society Ltd”-ийн удирдлагийг Монголд зочлохийг урьж, Монголын уран бүтээлчдийг Хонконгийн тайзнаа гарахад дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
“Hong Kong Arts Festival Society Ltd” цахим хуудас https://hkac.org.hk/
“Hong Kong Arts Festival”-д бүртгүүлэх цахим холбоос https://www.hk.artsfestival.org/en

тагууд: aboutCG