images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХОНКОНГИЙН ХУУЛЬ ТОГТООХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН КЭННИТ ФОК-ТОЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-06-13

232

Монгол Улсаас БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Ерөнхий консул О.Хулан 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн гишүүн Кэннит Фок, Хонконгийн Урлагийн хөгжлийн зөвлөлийн Ерөнхий захирал Винсоми Чоу, тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Хэйди Чу тэргүүтэй албаны хүмүүстэй уулзлаа.

Уулзалтаар Ерөнхий консул О.Хулан Монголын уламжлалт өв соёл болон орчин үеийн урлагийн хөгжлийн талаар товч танилцуулж, уран зураг, сонгодог урлаг, тайзны уран бүтээлийг Хонконгийн үзэгчдэд толилуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Хонконгийн Урлагийн хөгжлийн зөвлөлтэй энэ чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Хонконгийн Урлагийн хөгжлийн зөвлөлөөс ирэх 10 дугаар сарын 14-18-ний өдрүүдэд анх удаа зохион байгуулагдах “Hong Kong Performing Arts Expo”-д Монголын соёл урлагийн салбарын төлөөлөгчдийг оролцохыг урьж, тал нутгийн өв соёлыг олон улсын бизнесийн зах зээлд танилцуулахыг хүсэв. Энэхүү экспо нь дэлхийн улс орнуудын соёл урлагийн солилцоог өргөжүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулах, бүс нутгийн салбарын мэргэжилтнүүдэд шинэ боломжуудыг нээж өгөх зорилготой олон улсын арга хэмжээ бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулж, зах зээлд үр өгөөжөө өгөхүйц брэнд болгохоор Хонконгийн Урлагийн хөгжлийн зөвлөл төлөвлөж байна. Энэ удаагийн экспо “олон улсын үзэсгэлэн”, “түншлэх уулзалт” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх ба бодлого боловсруулагчдад салбарын чиг хандлагыг тодорхойлох, уран бүтээлчид, компаниудад өөрийгөө таниулах, бүтээгдэхүүнээ сурталчлах, түншлэл тогтоох боломжыг олгоно хэмээн ноён Кэннит Фок цохон тэмдэглэв.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах холоос: HKPAX | Hong Kong Performing Arts Expo


тагууд: aboutCG