images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАЗРЫН ДАРГА МЭГГИ ВОНГТОЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Консулын газрын мэдээ

2024-06-13

160

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан Хонконгийн Худалдаа үйлдвэрлэлийн газрын дарга Мэгги Вонгтой 2024 оны 6 дүгээр сарын 12-ны өдөр уулзалт хийв.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хонконгийн бизнесийн хамтын ажиллагааг дэмжих боломжууд, худалдааны бодлогын асуудлаар харилцан ярилцаж, төрийн байгууллагын түвшинд хэрхэн хамтран ажиллах талаар хоёр тал санал солилцов.
Худалдаа үйлдвэрлэлийн газрын дарга Мэгги Вонг Хонконгийн Засаг захиргааны онцгой бүстэй чөлөөт худалдааны хэлэлцээр 8, хөрөнгө оруулалтыг хамгаалах болон дэмжих 24 гэрээ байгуулсан талаар товч дурьдаад, дээрх гэрээг байгуулсан тохиолдолд худалдааг дэмжих, харилцан ашигтай хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх боломжтойг онцлон тэмдэглэв.
Ерөнхий консул О.Хулан Монголын эдийн засгийн онцлох салбарын талаар танилцуулж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлсэнээр салбар бүрт гарч болох эерэг үр дагаврыг дурьдаж чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахын өмнө хамтарсан судалгаа хийх нь зүйтэй гэсэн санал тавьсаныг хатагтай Мэгги Вонг цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Хонконгийн Худалдаа үйлдвэрлэлийн газар нь худалдаа эрхлэгчид болон жижиг дунд бизнесийг дэлхийн хэмжээнд гарахад нь туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлаг бөгөөд Дэлхийн худалдааны байгууллагын жишигт нийцсэн олон улсын худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг төрөлжүүлж, зэрэглэл тус бүрд сертификат олгох, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиг үүрэг бүхий байгууллага юм.

тагууд: aboutCG