images

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС ХОНКОНГТ ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТУУД (FAQ)

Консулын газрын мэдээ

2024-06-28

558

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ
ОНЦГОЙ БҮС ХОНКОНГ, МАКАОД ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТУУД (FAQ)
 
     1.Улаанбаатар хотоос Хонконг руу хэрхэн зорчих вэ?
Улаанбаатар хотоос Хонконг руу иргэний агаарын тээврийн “МИАТ” компани зуны болон өвлийн цагийн хуваарийн дагуу тогтмол нислэг үйлдэж байна. Шууд нислэг 4 цаг 30 минут орчим үргэлжилнэ. Монгол-Хонконгийн хооронд цагийн зөрүү байхгүй. Нислэгийн цагийн хуваарьтай https://miat.com/timetable.php холбоосоор танилцана уу.
Иргэдийн зорчих хөдөлгөөний урсгалаас хамаарч бусад иргэний агаарын тээврийн компаниуд Хонконг руу шууд нислэг үйлдэх боломжтой.
     2. БНХАУ-ын бусад хотоос Хонконг руу хэрхэн зорчих вэ?
Та нислэгийн тасалбар захиалгын түгээмэл аппликэйшн, цахим сайтуудыг ашиглан Хятадын бусад томоохон хотуудаас дотоодын нислэгээр Хонконгт хүрэлцэн ирэх боломжтой. Мөн та хурдны болон энгийн галт тэрэг, хот хоорондын зорчих автобус болон хот хоорондын усан онгоцны тээврээр Хонконг руу зорчих боломжтой. Эдгээртэй та дараах холбоосоор орж дэлгэрэнгүй танилцана уу.
     3. Хонконгт ирээд хилээр нэвтрэх хуудас (arrival card)-ыг заавал бөглөх ёстой юу?
Түр хугацаагаар ирж буй гадаадын иргэд хилээр нэвтрэх хуудсыг заавал бөглөх ёстой.
Family name: Овог
Sex: Хүйс (эрэгтэй бол М, эмэгтэй бол F үсэг)
Given name: Өөрийн нэр
Travel document no: Гадаад паспортын дугаар
Place and date of issue: Гадаад паспорт олгосон газар, огноо
Nationality: Иргэншил
Date of birth: Төрсөн өдөр
Place of birth: Төрсөн газар
Address in Hong Kong: Хонконгт байрлах хаяг
Home address: Монгол дахь гэрийн хаяг
Flight no: Нислэгийн дугаар
From: Хаанаас ирсэн
Signature of travel: Гарын үсэг
     4. Хонконгийн хил, гаалийн хяналт шалгалт
Хонконгийн Гаалийн байгууллага, Шилжилт хөдөлгөөний газар (Immigration Department)-аас хилийн хяналт шалгалтыг чангатгаж, түр хугацаагаар зорчиж буй гадаадын иргэдэд дараах шаардлагыг тавьж байгааг анхаарна уу. Үүнд:
  • Буцах нислэгээ захиалсан байх. Хэрэв та эх газраар дамжин буцахаар төлөвлөсөн бол галт тэрэг, усан онгоцны тасалбараа урьдчилан захиалсан байх.
  • Байрлах зочид буудал, орон сууцны хаяг, мэдээлэл баталгаажсан байх.
  • Хэрэглээний бэлэн мөнгөтэй байх.
  • Хориглосон болон хязгаарласан эд зүйлс авч явахгүй байх (жишээ нь: гарал үүсэл тодорхойгүй мах, махан бүтээгдэхүүн, нэг хайрцагаас дээш тамхи, нэг литрээс дээш архи оруулахыг тус тус хориглодог).
  • Дамжин өнгөрөх зорилгоор Хонконгт ирсэн бол цааш зорчих тасалбараа үзүүлэх зэрэг болно.
     5. Гадаад паспортоо заавал биедээ авч явах ёстой юу?
Хонконгийн аялал жуучлалын салбар сэргэж, иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэх хандлагатай байгаа тул орон нутгийн хууль, хяналтын байгууллагын зүгээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, хууль бусаар оршин суух, визний зөрчил, хууль бус хөдөлмөр эрхлэх явдалтай тэмцэх зорилгоор олон нийтийн гудамж талбай, үйлчилгээний газруудад баримт бичгийн гэнэтийн шалгалт явуулж байгаа учир биедээ гадаад паспорт, хилээр нэвтэрсэн тасалбараа авч явахыг зөвлөж байна.
     6. Хонконгт хэрхэн интернэт дататай болох вэ?
Хонконг болон Макао нь БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс тул эх газраас ялгаатай нь Facebook, Youtube, Instagram, Google зэрэг өргөн хэрэглээний аппликейшнуудыг саадгүй ашиглаж болдог. Хонконгийн ихэнх үйлчилгээний газрууд үнэгүй WIFI үйлчилгээтэй, та онгоцны буудал дээрээс POCKET WIFI эсвэл TRAVEL SIM карт авч ашиглах боломжтой. Үнийн хувьд хэрэглээ, хэрэглэх хугацаанаас хамаараад өөр өөр байдаг. Мөн 7 eleven сүлжээ дэлгүүр, хилийн боомтуудад TRAVEL SIM карт зарах ба ашиглахын өмнө заавал гадаад паспортын мэдээллээ бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу. Сим картны савалгаан дээр хэрхэн бүртгүүлэх заавар дэлгэрэнгүй бий.
Онгоцны буудлаас дата худалдаж авах мэдээллийн холбоос: https://www.hongkongairport.com/en/passenger-guide/airport-facilities-services/sim-card-pocket-wifi
     7. Хонконгийн үүрэн холбооны сим карт хэрхэн бүртгүүлэх вэ?
Хонконгт үүрэн холбооны 5 компани үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
  • Csl                         - Hong Kong Telecommunications (HKT) Limited.
  • CMHK                   - China Mobile Hong Kong Company Limited.
  • Smartone              - SmarTone Telecommunications Holdings Limited.
  • 3HK and Sosim    - Hutchison Telecommunications Hong Kong Holdings Limited.
  • 1010                     - Csl Mobile Limited
Үүрэн холбооны салбар, цахилгааны бараа, конвиниенс дэлгүүр (7 eleven, Circle K гэх мэт)-т гар утасны сим картыг худалдаалдаг. Сим картаа утсандаа хиймэгц дугаарын мэдээлэл ирж, бүртгэл хийлгэхийг шаардана. Мессежээр ирүүлсэн холбоосыг дармагц бүртгэлийн цонх нээгдэнэ. Алхамууд:
  • Хэлээ сонгох (English).
  • Бүртгүүлэх цэсийг сонгох (Real-name registration).
  • Хувь хүн (Individual) гэснийг сонгох.
  • Баримт бичгийн 4 сонголтоос гадаад паспорт гэснийг сонгох (Passport).
  • Гадаад паспортын зургаа дарж оруулах (Take a photo).
  • Идэвхжүүлэх (Active now) товчыг дарах.
  • Таны бүртгэл амжилттай хийгдсэн тухай мессеж ирж, автоматаар дугаар олгоно.
  • Бүртгэл хийлгэсний дараа нэгж (voucher)-ээр дугаараа цэнэглэж, өөрийн хэрэглээнд тохируулж багцаа сонгоорой.
     8. Хонконгийн цаг уур аялалд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хонконгийн цаг уур нь чийглэг, хур тунадасны хэмжээ их, ялангуяа 5-9 дүгээр саруудад борооны улирал үргэлжилж, жилийн хур тунадасны 80 орчим хувь нь ордог тул аянга, дуу цахилгаантай бороо орох, хүчтэй хар салхи дэгдэх нь бий. Энэ үед Хонконгийн Цаг уурын ажиглалтын төвөөс орон нутгийн цаг уурын yрьдчилсан мэдээнд үндэслэн зохих хязгаарлалтуудыг тогтоодог. Жишээ нь: Зурагт үзүүлсэн Т8 дохио зарлавал төрийн байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газрууд болон онгоцны буудал, нийтийн тээврийн үйл ажиллагаа бүрэн зогсож, гадуур гарахыг хориглодог.
Иймд иргэн Та орон нутгийн цаг уурын урьдчилсан мэдээллийг MyObservatory аппликейшн, эсхүл www.hko.gov.hk вебсайтаас тогтмол авч, ажил, аяллаа төлөвлөхийг зөвлөж байна.
     9. Хонконгчууд ямар хоолонд дуртай вэ?
БНХАУ-ын зүүн өмнөд муж, хотуудад тархан суурьшсан кантон (canton)-чууд өөрийн өвөрмөц соёл уламжлалтай ард түмэн. Тэдний цөм болсон Хонконг нь өрнө дорнын соёлыг хослуулан оршдог тул үндэсний идээ ундааны өвөрмөц соёлтой. Хонконгчууд гадуур хооллох дуртай бөгөөд өдөрт таван удаа хооллох нь хэвийн үзэгдэл.
Хонконгчууд өдөр тутам дараах үндэсний хоолоо идэх дуртай. Үүнд:
  • Wonton – Гахайн махан банштай шөл. Энэхүү шөлний татсан гурилыг хулсны мөчрөөр элдэж үнэр амтыг нь шингээснээрээ онцлог. Дундаж үнэ: 40-80 хонконг доллар.
  • Dim Sum – Кантон хоолны соёлыг мэдэхийн тулд эхлээд димсам-г идэж үзэхийг зөвлөж байна. Тэд өглөөний цайндаа 1000 гаруй төрлийн банш, нарийн боов, амттанг хэрэглэдэг. Эдгээрээс самхорхойтой банш (Shrimp Dumplings), сиумай зууш (Siu Mai), чихэрлэг гахайн махан бууз (Steamed Pork Bun) хамгийн алдартай. Дундаж үнэ: Хүний 60-100 хонконг доллар.
  • Sweet and Sour Pork – Шарсан чихэрлэг гахайн мах. Дундаж үнэ: 60-120 хонконг доллар
  • Roast Goose – Шарсан галууны мах. Зууханд чихэрлэг болон исгэлэн соусаар амталж шарсан энэхүү уламжлалт хоолыг нутгийн иргэд амтархан иддэг ч гадны иргэд төдийлөн дуртай байдаггүй. Дундаж үнэ: 100-200 хонконг доллар.
  • Beef Brisket Noodles – Үхрийн өвчүүний махтай гоймонтой шөл. Хонконгт ирсэн бол энэхүү шөлийг заавал идэж үзэхийг зөвлөж байна. Учир нь манай гурилтай шөлтэй төстэй тул монголчуудад таашаагдах амт. Дундаж үнэ: 50-150 хонконг доллар.
  • Egg Waffles - Кантон хэлээр “Гай Даан Жай” гэж нэрлэгддэг энэхүү өндөгтэй вафли нь гудамжинд элбэг таарна. Дундаж үнэ: 15-20 хонконг доллар.
  • Fish Balls – Далайн гаралтай бөөрөнхий махан шорлог. Ихэвчлэн шарсан болон чанасан байдлаар гудамжинд зардаг. Дундаж үнэ: 15-20 хонконг доллар.
  • Milk tea – Кантон сүүтэй цай. Энэхүү цайг элсэн чихэртэй хэрэглэвэл илүү тохиромжтой гэж үздэг.
     10. Хонконг, Макаод “Мишэлиний од”-той ресторанууд байдаг уу?
Олон улсын стандарттай харьцуулахад Хонконгт хоолны үнэ өндөр, хэмжээ (порц) бага хэдий ч чанар, амтаараа дэлхийд танигдсан. Энэ утгаараа “Мишэлиний од”-той 200 гаруй ресторан үйл ажиллагаа явуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү. The Full List of the MICHELIN Guide Hong Kong & Macau 2024
     11. Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлаас хотын төврүү хэрхэн зорчих вэ?
Хэрэв та Хонконгийн Олон улсын нисэх онгоцны буудлаас хотын төв орохоор төлөвлөж байгаа бол дараах нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой.
  • Автобус – Хонконгт холын зайд зорчиход хамгийн тохиромжтой нийтийн тээвэр бол автобус юм. Хотын төвийн дүүргүүд (Central, Admiralty, Wanchai гэх мэт)-д шууд хүрэхийн тулд нисэх онгоцны буудлын гадаах зогсоол дээрээс Е11, Е11А дугаартай автобусанд суух боломжтой, нэг хүн 21.7 хонконг доллар төлнө.
  • Метро – Хонконгийн нисэх онгоцны буудал доторх зогсоолоос хотын төв рүү хамгийн хурдан (30 мин) хүрэх боломжтой метро бий. Том хүн 110, хүүхэд 55 хонконг доллар. Хонконгт метроны систем сайн хөгжсөн тул хот дотроо ойрын зайд зорчиход метро хамгийн тохиромжтой нийтийн тээвэр гэж үздэг. Нийт 9 өнгийн шугамтай, нэг зогсоол явахад ойролцоогоор 4 хонконг доллар, хол явах тусам хямдардаг.
  • Такси – Хотын төв рүү такси хөлслөвөл 350-400 хонконг доллар төлөх бөгөөд таксинд суухдаа үнэ хөлсөө урьдчилан лавлахыг зөвлөж байна.
Хонконгийн нийтийн тээврийн тариф тогтоох журмаар эхний хоёр км нь 22-27 хонконг доллараас эхэлж, дараагийн 200 метр тутамд 1.6-1.9 хонконг доллар төлөх ба хотын төв рүү орох бол туннелийн төлбөр 30-60 хонконг доллар давхар өгнө. Такси хүлээлгийн төлбөр нэг минут тутамд 1.6 хонконг доллар байна.
Хонконгт маш олон такси үйлчилгээний аппликейшнүүд байх боловч хамгийн түгээмэл хэрэглэгддэг HKTaxi, Uber аппликейшнийг санал болгож байна. Эдгээр аппликейшний тусламжтайгаар англи хэлтэй жолооч захиалахын зэрэгцээ зорчигчдийн тоо, ачааны хэмжээндээ тохируулан сонголт хийх боломжтой.
  • Усан онгоц – Одоогоор Хонконгийн нисэх онгоцны буудлаас зөвхөн Макао хүрэх усан тээврийн үйлчилгээ бий. Харин хот доторх усан тээвэр нь эрэг дагуу газруудад хүрэх хамгийн хямд нийтийн тээвэр гэж үздэг. Нэг буудал - 2 хонконг доллар
      12.​​​​​​​ Нийтийн тээврийн төлбөр тооцоог хэрхэн хийх вэ?
Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд бэлэн мөнгөөр тасалбараа авч болохоос гадна өргөн хэрэглээнд Octopus картыг ашигладаг. Энэхүү карт нь том хүнийх (12-65 нас), хүүхдийнх (3-11 нас) гэсэн 2 төрөлтэй, нэг удаад 3000 хүртэл хонконг доллараар сүлжээ дэлгүүр (Cricle K, 7 eleven гэх мэт)-т цэнэглүүлэх боломжтой. Та метроны буудлуудад байрлах үйлчилгээний цэг (шилэн түц)-ээс 50 хонконг доллараар энэхүү картыг худалдаж авч болно. 3-аас доош насны хүүхэд нийтийн тээврээр үнэгүй зорчино.
      13. Хонконгт залилуулсан бол яах вэ?
Хонконгийн хууль тогтоомжоор цахим залилан, оюуны өмчийн залиланг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог ч манай улсын иргэд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртсөөр буй. Ялангуяа, хуурамч крипто бирж дээр арилжаа хийх, олон тоогоор баталгаагүй гар утас хувь хүмүүсийн гар дээрээс худалдаж авах зэргээр залилуулсан хэрэг гарав. Иймд худалдан авалт хийхдээ албан ёсны дистрибьютор болон баталгаат бирж, компаниар үйлчлүүлж, төлбөрийн баримт, баталгааны хуудсаа хүлээн авахыг зөвлөж байна.
Нэгэнт үүссэн асуудал гэмт хэргийн шинжтэй бол Хонконгийн цагдаагийн байгууллага, оюуны өмчийн маргаантай бол Хонконгийн гаалийн байгууллага тус тус харьяаллын дагуу шалгана.
      14. Хонконгт эд зүйлээ хаяж үрэгдүүлвэл яах вэ?
Энэ тохиолдолд хамгийн түрүүнд ойр цагдаагийн хэлтэст очиж, хаяж үрэгдүүлсэн эд зүйлсээ бүртгүүлнэ. Хэрэв та нийтийн тээвэрт эд зүйлээ орхиж буусан бол тухайн компанийн Lost and Found гэсэн хэсэгт хандаж бүртгүүлсэн байхад илүүдэхгүй.
     15. Хонконгт байхдаа юунд анхаарах вэ?
Хонконгт зорчиж буй иргэд доорх түгээмэл зөрчлүүдээс урьдчилан сэргийлнэ үү:
  • Нийтийн тээвэр, гудамж талбайд ил задгай хог, шүлс хаявал 3000 хонконг долларын торгуультай,
  • Зөвшөөрөгдөөгүй газарт тамхи татвал 1500-5000 хонконг долларын торгуультай
  • Гэрлэн дохио зөрчих, гарцгүй газраар автозам гарвал 2000 хонконг долларын торгуультай
  • Олон нийтийн газарт согтуурхаж танхайрах, эмх замбараагүй байдал үүсгэвэл 1000-5000 хонконг долларын торгуультай
  • Түүнчлэн нийтийн тээвэр, метронд утсаар ярих, чанга дуу гаргах, олон нийтийн газарт танихгүй хүний биед хүрэх, шүргэх, зураг дарах, бичлэг хийх, танихгүй хүүхэд өхөөрдөх, харилцах зэргийг зохисгүй үйлдэл хэмээн үздэг.
16.Торгуулийг хэрхэн төлөх вэ?
Хуульд заасан аливаа зөрчилд хууль сахиулагчид торгууль ногдуулах бөгөөд торгуулийн хуудасны аль нэг хэсэгт төлбөрөө хэрхэн төлөх дэлгэрэнгүй заавар бий. Торуулийг интернэт банкаар, автомат мөнгөний машин (АТМ)-ээр, сүлжээ дэлгүүрийн кассаар, шуудангийн салбараар тус тус төлж болно. Хамгийн ойр, хялбар арга нь 7 eleven, Circle K сүлжээ дэлгүүрийн касс, эсхүл Hong Kong Post office-д торгуулийн хуудас дээрх QR code-г уншуулаад мөнгөө төлөх явдал юм. Хэрэв та торгуулиа төлөхгүй бол алданги тооцох, хилээр нэвтрүүлэхгүй байх, цаашлаад саатуулагдах үндэслэл болохыг анхаарна уу.
     17. Зочид буудал
Хонконг нь зочид буудлын өргөн сонголттой ба та өргөн хэрэглээний аппликейшнууд ашиглан өөрийн хүсэл сонирхолд нийцсэн зочид буудлыг захиалах боломжтой. Зочид буудлууд олон нийтийн баярын өдөр, амралтын өдрүүдэд үнэ ханш нь нэмэгдэх хандлагатай байдаг. Аппликейшн ашиглаж зочид буудал захиалж байгаа тохиолдолд тухайн зочид буудлын талаар бусад хүмүүсийг өгсөн сэтгэгдэл, үнэлгээг харахыг зөвлөж байна. Учир нь хямд үнэтэй зарим зочид буудлууд өрөө тасалгаа жижиг, цонхгүй байх тохиолдол бий. Үнэ ханшийн хувьд хямд зочид буудлууд 300-500 хонконг доллараас эхэлдэг бол үнэтэй нь 1000-аас дээш хонконг доллар байна.
Зочид буудал захиалах зарим өргөн хэрэглээний холбоос:
www.booking.com                      www.trip.com
 
    18.Хонконгт хуучин автомашин, сэлбэгийн зах байдаг уу?
Хотын захын дүүргүүдэд хуучин автомашин, сэлбэгийн захууд бий. Хамгийн алдартай нь Юеньлун дүүргийн Камтин гудамж (Kamtin road, Yuen Long)-д байрлах зах юм. Тухайн газар нь төвлөрсөн бус, олон компаниудын хашаанд тарж байрласан байх тул бүтэн өдөр явж үзэх шаардлагатай болдог.  
 
ХОНКОНГИЙН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД, ГУДАМЖНЫ ЗАХУУД
*Аялагч нарт зориулж мэдээллийг хэрэгцээтэй байлгах үүднээс байршлын нэршлийг англи хэл болон хятад ханзаар оруулсан болно. Та таксины жолоочид хятад ханзыг харуулахад хүрэх газраа саадгүй очих боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсаар нь орж харна уу.
 
       CENTRAL (-著名購物商店)
“Central” нь Хонконгийн хотын төвийн дүүрэг ба энд дэлхийн алдартай брэндийн дэлгүүрүүд байдаг. Мөн метроны “Hong Kong” буудлын дээр байрлах “IFC Mall” дотор “Apple Store” брэндийн дэлгүүр бий. “Central” дүүрэгт Хонконгийн бар, рестораны “Lan Kwai Fong” (LKF) гудамж байдаг. Энд олон төрлийн зоогийн газрууд болон бар, диско клубууд бий. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосуудаар танилцана уу.
 
     CAUSEWAY BAY (銅鑼灣-購物中心)
“Causeway Bay” худалдааны дүүрэгт "H&M”, “UNIQLO”, хүүхдийн тоглоомны “Lego” болон бусад брэндийн дэлгүүрүүд байрладаг. Энэ газар нь Хонконгийн хотын төвтэй хамгийн ойр худалдааны төвүүдийн нэг юм. Мөн энд олон төрлийн зоогийн газрууд бий. Дэлгүүрийн жагсаалтыг дараах холбоосоор орж үзнэ үү.
     PACIFIC PLACE (香港金鐘-太古廣場)
“Pacific Place” нь хотын төвийн тансаг зэрэглэлийн шоппинг төв ба энд олон төрлийн брэндүүд байдаг. Тус худалдааны төвийн “Great Food Hall” хүнсний дэлгүүрээр орохыг зөвлөж байна.  Дэлгүүрийн дэлгэрэнгүй жагсаалтыг дараах холбоосоор орж үзнэ үү. https://www.pacificplace.com.hk/en/style/directory
K11 MUSEA (尖沙咀-海邊的靈感繆斯)
Хонконгийн “Tsim Sha Tsui” дүүргийн далайн эрэг дагуу байрлах “K11 MUSEA” болон “К11 ART MALL” худалдааны төвүүд нь урлаг, архитектур, соёл, урлагийн үйлчилгээг арилжаа худалдаатай хослуулсан шинэ шийдэл юм. Эдгээр дэлгүүрт зочилсноор та худалдан авалт хийхээс гадна залуу загвар зохион бүтээгчдийн шинэ брэндүүдтэй танилцах боломжтой. Мөн Брюс Лигийн хөшөө байрлах “Avenue of Stars” эндээс холгүй бий.            https://hk.k11.com/shop/
 
CITYGATE OUTLETS (-東薈城名店倉)
Хонконгийн нисэх онгоцны буудалтай ойр байрлах энэхүү брэнд барааны “outlet” худалдааны төв нь олон брэндийн дэлгүүртэй. Энэхүү худалдааны төвөөс метронд сууж хотын төв орох боломжтой. Мөн тус худалдааны төвийн доор автобусны буудал байх ба энэхүү буудлаас 50 гаруй чиглэлд автобус зорчдог. Худалдааны төвтэй ойрхон дүүжин тээвэр байна. Дүүжин тээвэрт сууж ууланд байрлах Буддагийн хөшөө үзэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.
 
   HARBOUR CITY (尖沙咀碼頭-海港城)
“Harbour City” худалдааны төв нь “Tsim Sha Tsui Ferry Pier” буюу усан онгоцны зогсоолтой ойр байдаг. Энд олон брэндийн дэлгүүрүүд байхаас гадна “Apple Store” бий. Тус худалдааны төвийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.
LANGHAM PLACE (旺角-朗豪坊)
Монгкок дүүрэгт байрлах “Langham Place” дэлгүүр нь олон төрлийн брэндийн дэлгүүртэй. Монгкок дүүрэгт тус дэлгүүрээс гадна “МОКО”, “Hollywood Shopping Centre”, “Mongkok Shoe Market”, “T.O.P Shopping Mall” зэрэг олон худалдааны төвүүд байрладаг. “Langham Place” болон Монгкок дүүргийн бусад худалдааны төвүүдийн талаар дараах холбоосоор орж үзнэ үү.
 
      LADIES MARKET (旺角-通菜女人)
Монгкок дүүрэгтэй ойр байрлах энэхүү гудамжны зах нь өдрийн 12:00 цагаас оройн 23:00 цаг хүртэл ажилладаг. Гэхдээ энэхүү цагийн хуваарь нь цаг агаарын байдал, ажлын болон бүх нийтийн амралтын өдрүүдээс хамаараад өөр байхыг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү. https://www.ladies-market.hk/
 
TEMPLE STREET (佐敦站-廟街)
Энэхүү гудамжны зах нь Хонконгийн Коувлун дүүргийн “Jordan” метроны буудалтай ойр байрладаг ба өдрийн 14:00 цагаас оройн 23:00 цаг хүртэл ажилладаг. Энэ захад олон төрлийн бараа бүтээгдэхүүн худалдахаас гадна гудамжны хоол амталж, бэлэг дурсгалын эд зүйлс худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэүү.
ХОНКОНГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг болон Макаод үзвэр, үйлчилгээ худалдан авахад “Klook” аппликейшнийг ашиглахыг зөвлөж байна. Энэхүү аппликейшнээр үзвэр, үйлчилгээг хямдралтай үнээр худалдан авах боломжтой байдаг.
DISNEYLAND (迪士尼)
Хонконгийн Диснейлэнд нь бүх насныханд зориулагдсан аялал зугаалга, амралтын цогцолбор ба нэг өдрийн тасалбарын үнэ нь ажлын болон амралтын өдрөөс хамаараад том хүн болон жижиг хүүхэд 639-719 хонконг доллар байна. Диснейлэнд рүү метрогоор очих боломжтой ба тус цогцолбор нь дэргэдээ гурван зочид буудалтай. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү. https://www.hongkongdisneyland.com/
      
OCEAN PARK (香港海洋公園)
“Ocean Рark” нь Хонконг арлын өмнөд хэсэгт байрладаг ба метроны шар шугам тус усан паркад очдог. Тасалбарын хувьд 12-оос дээш насныхан 498 хонконг доллар бол 3-11 насныхан 249 хонконг доллар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.
 
     LEGOLAND (尖沙咀-香港樂高探索中心)
 
Хонконгийн “Legoland” нь Tsim Sha Tsui дүүрэгт “К11 MUSEA” дэлгүүрийн доор байрладаг. Тасалбарын хувьд 3-аас дээш насныхан 199 хонконг доллар ба 3-аас доош насныхан үнэ төлбөргүй. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.
    THE PEAK (山頂纜)
Хонконгийн хотын төвийг өдөр болон шөнийн цагаар харах боломжтой. Тус өндөрлөг рүү “Central” дүүргээс  зориулалтын тээврийн хэрэгсэл “Peak Tram” болон 15 номерын автобус очдог. “The Peak” дээр дэлгүүр болон хоолны газрууд бий. Мөн “Madame Tussauds” лааны тосон музей байдаг. Тасалбарын хувьд “The Peak” том хүн нэг талдаа ажлын өдрүүдэд 122 хонконг доллар, хоёр талдаа 148 хонконг доллар бол 3-11 насны хүүхэд нэг талдаа 61 хонконг доллар, хоёр талдаа 74 хонконг доллар. Бүх нийтийн амралтын өдрүүдэд тасалбарын үнэ 10-20 хонконг доллараар нэмэгдэнэ. “Madame Tussauds” музей 255-300 хонконг доллар байна. https://www.thepeak.com.hk/en https://www.madametussauds.com/hong-kong/
 
     DING DING TRAM (香港電車)
“Ding Ding Tram” трамвай нь Хонконг арлын хойд хэсгээр аялдаг ба тасалбар нь 3 хонконг доллар байдаг. Цагийн хуваар нь өглөө 08:00 шөнө дунд 00:00 цаг хүртэл. Мөн цагийн 2100 хонконг долларын үнэтэй 30 хүний багтаамжтай “Party Tram” хөлслөх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй холбоос: https://www.hktramways.com/en/
 
CENTRAL, WANCHAI, TSIM SHA TSUI FERRY PIER (-尖沙咀, 灣仔-尖沙咀 天星碼頭)
Хонконгийн хотын төвийн хоёр эргийн хооронд нийтийн тээврийн усан онгоцны үйлчилгээ байдаг. Энэхүү усан онгоц Central<-->Tsim Sha Tsui  болон Wanchai<-->Tsim Sha Tsui гэсэн хоёр чиглэлээр аялдаг. Тасалбарын үнэ 6.50 хонконг доллар. Бэлэн мөнгө эсвэл “Octopus” картаар тооцоо хийнэ. Цагийн хуваарь өглөө 6:30-аас орой 11:30 цаг хүртэл. Мөн хоёр эргийн хооронд шууд аялахаас гадна эрэг дагуу 45 минутын аялал хийх боломжтой. Тасалбарын үнэ 230 хонконг доллар. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү. https://www.starferry.com.hk/en/home  
 
VICTORIA HARBOUR CRUISE TOUR (維多利亞港晚間航遊)
Хотын төвийн хоёр эргийн дагуу усан онгоцны аяллын үйлчилгээ байх ба тус үйлчилгээг “Klook” аппликейшнээр авах боломжтой. Мөн эрэг дагуу тус үйлчилгээг үзүүлэх цэгүүд байрладаг. Үнийн хувьд том хүн 200-300 хонконг доллар, хүүхэд 100-200 хонконг доллар. Мөн том хүлээн авалт хийх боломжтой үйлчилгээг зарим компаниуд санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү:
     SYMPHONY OF LIGHTS – LASER SHOW (幻彩詠香)
Орой бүр 20:00 цагаас Хонконгийн хотын төвийн хоёр эрэг дагуу “Symphony of Lights” лазер шоуны үзүүлбэр болдог. Арван минут үргэлжлэх тус үзүүлбэрийг та “Tsim Sha Tsui” талын эрэг дээрээс, эсвэл усан онгоцоор аялахдаа үнэ төлбөргүй үзэх боломжтой. Шинэ жил, Цагаан сар, Зул сарын баярын үеэр салют буудлагатай үзүүлбэр болдог.
 
AVENUE OF STARS (尖沙咀-星光大道)
Алдарт Bruce Lee-ийн хөшөө байрлах Оддын гудамж буюу “Avenue of Stars” Хонконгийн Tsim Sha Tsui дүүргийн далайн эрэг дагуу байрладаг. Энд Jackie Chan, Chow Yun Fat зэрэг Хонконгийн кино болон эстрадын урлагын оддын гарын алганы хээний дүрс бий.
 
MONSTER BUILDING (鰂魚涌站-怪獸大廈)
 
Кино зураг авалт болон фото зураг сонирхогчдын дунд алдартай “Monster Building” нь Хонконгийн “Quarry Bay” дүүрэгт байрладаг. Тус барилгыг очиж үзэхийн тулд метроны цэнхэр шугамаар зорчиж “Quarry Bay” буудалд бууна.
 
BIG BUS TOUR (香港巴士遊車)
Задгай дээвэртэй “Big Bus Tour” нь Хонконгийн хотын төв болон Хонконг арлын өмнөд хэсгээр аялдаг. Тасалбарын хувьд хүүхэд 39-89 хонконг доллар, том хүн 39-95 хонконг доллар байна. Тасалбарын үнийн ялгаа нь өдөр, шөнийн аялал болон нэгээс хоёр өдрийн аяллын ялгаатай юм.
CHI LIN NUNNERY & NAN LIAN GARDEN (鑽石山-志蓮淨南蓮園)
Хятадын Тан улсын үеийн архитектур бүхий Чи Лин гэлэнмаа нарын сүм болон Нанлян цэцэрлэг нь нэг газар байрладаг. Ажиллах цагийн хуваар нь өглөө 7:00 цагаас орой 21:00 цаг. Та энд хүрэлцэн ирэхийн тулд метроны ногоон болон бор шугамны уулзвар дээр байрлах “Diamond Hill” буудлыг зориорой.
NGONG PING 360 (-昂坪360)
Нисэх онгоцны буудалтай ойр байрлах “Citygate Outlets” худалдааны төвийн хажууд дүүжин тээврийн “Ngong Ping 360” үзвэр үйлчилгээ байдаг. Энэхүү дүүжин тээвэр өглөө 10:00 орой 18:00 цаг хүртэл ажилладаг ба тасалбарын хувьд нэг хүний 270-395 хонконг доллар байна. Дүүжин тээврээр бурхан багшийн ринсэл байдаг Буддагийн хөшөө дээр очдог. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.
ХОНКОНГИЙН ДАЛАЙН ЭРГҮҮД (香港海灘)
Хонконг нь амралт чөлөөт цаг өнгөрөөх далайн эргүүд олонтой ба энэ талаар тус хотыг дамжин өнгөрөх зорилгоор зорьдог гадны иргэд төдийлөн сайн мэддэггүй. Хонконгийн далайн эргүүд нь нийтийн ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, усанд орох тоноглол сайтай байдаг нь давуу талтай. Мөн зарим далайн эрэг дээр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагдаж, дэлхийн алдартай DJ нарын оролцсон үдэшлэг болдог нь сонирхолтой байдаг. Далайн эргүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.
УУЛАНД АЛХАХ “HIKING” АЯЛАЛ (香港遠足)
Хонконг арал болон түүний эргэн тойронд байрлах газар нутаг нь уулархаг ба эдгээр уул толгодоор явган аялах зам жим их байдаг. Хонконгчууд чөлөөт цагаараа ууланд алхах дуртай ба ууланд алхах зам талбай, амралтын цэгүүд нь тохижилт сайтай байдаг. Хонконгд ууланд алхах “hiking” мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү. https://hikehk.com/
 
УСАН ОНГОЦНЫ “PARTY” (香港遊艇租賃)
Хонконгийн залуучууд бусад олон улс орны залуучуудын адил задгай далайд усан онгоц дээр үдэшлэг зохион байгуулах дуртай. Энэхүү арга хэмжээнд оролцохын тулд та найз нөхөдтэйгээ болон бусад орны залуучуудтай хамтран завь түрээслэх хэрэгтэй. Нэг хүний зардал тухайн усан онгоц болон хөтөлбөр, хүний тооноос хамаараад 600-1000 орчим хонконг доллар байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.
https://www.hongkongboating.hk
МОРИН ТОЙРГИЙН УРАЛДААН (香港-賽馬會)
Хонконгийн морин тойргийн клуб “Jockey Club” нь тус хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон бизнесийн байгууллага гэж тооцогддог. “Jockey Club” нь морин тойргийн хоёр уралдааны стадионтой ба эдгээр стадионд долоо хоногт дунжаар 3 удаа уралдаан болдог. Морин тойргийн уралдааны үеэр бооцоо тавих боломжтой. Зохион байгуулагчдын зүгээс бооцоот тоглоомд оролцохдоо хариуцлагатай байхыг уриалдаг ба эрсдэл даах боломжтой үнээр бооцоо тавихыг зөвлөдөг. Мөн уралдааны үеэр “half time” шоу болдог. Энэ үеэр тус стадионд найз нөхөдтэйгээ оройг хөгжилтэй өнгөрөөх, амьд хөгжим сонсох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.
 
HONG KONG SEVENS” РЭГБИ ТЭМЦЭЭН (香港國際七人欖球賽)
Жилд нэг удаа зохион байгуулагддаг тус тэмцээнд нэг баг долоон хүний бүрэлдэхүүнтэй тоглодог бөгөөд 1976 оноос хойш зохион байгуулагдаж байгаа дэлхийн 22 улсын бага, тамирчид оролцдог томоохон хэмжээний тэмцээн юм. Энэхүү тэмцээнд Америк, Канад, Австрали, Их Британи, Япон, Хятад зэрэг олон улсын регби багууд оролцдог. Тус тэмцээнийг найз нөхөдтэйгээ очиж сонирхон үзэж, амьд хөгжим сонсож, олон улсын томоохон тэмцээний уур амьсгалыг мэдрэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү. https://hksevens.com/
 
ХОНКОНГИЙН МУЗЕЙНҮҮД (博物館)
Хонконгт олон төрлийн музейнүүд байдаг ба хүүхдүүдтэйгээ очиж үзэж болох сонирхолтой музей нь Шинжлэх ухааны музей (Science Museum), Сансрын музейг (Space Museum) нэрлэж болно. Мөн Ордны музей, Урлагийн музей, Хонконгийн өвийн музей, Түүхийн музей гээд олон төрлийн музейнүүд байдаг. Та эдгээр музейнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосуудаар орж үзнэ үү.
 
ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, ШОУ ТОГЛОЛТУУД (香港會議展覽中心)
Хонконгт үзэсгэлэн худалдаа ихэвчлэн “Hong Kong Convention & Exhibition Centre”-д болдог. Энд мөн хурал, зөвлөгөөн урлагийн тоглолт зохион байгуулах боломжтой. Үүнээс гадна нисэх онгоцны буудалтай ойр “Asia World Expo” үзэсгэлэн, шоу тоглолтын цогцолбор бий. Энд дэлхийн алдартай хамтлаг, дуучид ирж тоглох нь элбэг байдаг.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС
ХОНКОНГ, МАКАОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

 


тагууд: aboutworkNdays