images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХОНКОНГИЙН ЛИНГНАН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-06-28

244

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан Хонконгийн Лингнан их сургуулийн Гадаад хамтын ажиллагааны газрын захирал Саймон Шу, Хөтөлбөрийн менежер Виен Ли нартай 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр Монгол, Хонконгийн боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар ярилцаж, Хонконгийн Лингнан их сургуульд Монгол Улсын оюутнуудыг суралцуулах, Монголын их, дээд, дунд сургуультай холбох зэрэг асуудлаар санал солилцов.
Одоогийн байдлаар Хонконгийн Лингнан их сургуульд Монгол Улсын 3 оюутан суралцаж буйг хонконгийн тал сайшаан тэмдэглэж, цаашид ч Монгол Улсын оюутнуудын тоо нэмэгдэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Энэ хүрээнд Монгол Улсын бүрэн дунд боловсролын дунд сургуулиудтай хийж буй уулзалтын цар хүрээг тэлж, Монгол Улсад зохион байгуулагдах боловсролын үзэсгэлэнд тогтмол оролцох хүсэл эрмэлзэл дүрэн буйгаа онцлов.
Хонконгийн Лингнан их сургууль санхүү, бизнес, хүний нөөц, философи, сэтгэл зүйч зэрэг чиглэлийн 40 гаруй хөтөлбөртэй, 4 тэнхимтэй, 6 мян. гаруй оюутантай, нийт сурагчдын 20 хувь гадаад оюутнууд эзэлдэг онцлогтой. Мөн Хонконгийн Лингнан их сургууль Азийн шилдэг 100 их, дээд сургуулийн жагсаалтад багтдаг онцлогтой юм.
Тус сургуулийн сургалтын төлбөр жилдээ 145,000 хонконг доллар (18,500 орчим ам. доллар), дотуур байр жилдээ 10,980-14,860 хонконг доллар (1,400-1,900 орчим ам. доллар) болохыг сургуулийн удирдлага танилцуулав.
Сургуулийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу: https://www.ln.edu.hk/

тагууд: aboutCG