images

ХОНКОНГИЙН МАТИЛДА ОЛОН УЛСЫН ЭМНЭЛГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЛИНДА БУРГОЙН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЖ БАЙНА

Консулын газрын мэдээ

2024-08-29

167

Монгол Улсад эмчлүүлэхэд хүндрэлтэй, нарийн мэргэжлийн эмч, эмчилгээ шаардсан, онош тогтоогдон хагалгаа хийх шаардлагатай, санхүүгийн боломжгүй монгол хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлүүлэх сайн үйлсийн аяныг Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газар, Хонконгийн Матилда олон улсын эмнэлэг, МИАТ ТӨХК-тай хамтран 2023 оны 12 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ.
Энэ аяны цар хүрээг тэлэх зорилгоор Хонконгийн Матилда олон улсын эмнэлгийн гүйцэтгэх захирал Линда Бургойн, бизнес хөгжлийн асуудал хариуцсан захирал Лин Фон нар 2024 оны 8 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Монгол Улсад томилолтоор ажиллаж байна. Энэ үеэр Монгол Улсын Гэмтэл согог судлалын үндэсний төв Хонконгийн Матилда олон улсын эмнэлэг хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан бөгөөд төлөөлөгчдийг Монгол Улсын ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, УНТЭ-ийн удирдлага тус тус хүлээн авч уулзаж, цаашидын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Хонконгийн Матилда олон улсын эмнэлэг нь 117 жилийн түүхтэй бөгөөд өндөр зардал бүхий эмчилгээнд хамрагдах санхүүгийн боломжгүй хүүхдүүдэд “Матилда хүүхдийн сан”-гаас санхүүгийн тусламж үзүүлж, эмч, эмнэлгийн ажилтнууд сайн дурын үндсэн дээр мэс засал хийж өгдөг онцлогтой. Энэхүү сан 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд олон улс орны 65 хүүхдийг 95 мэс засалд хамруулж, эдгээр бяцхан хүүхдийн амьдралд томоохон хувь нэмэр оруулсан. 2024 оны 1 дүгээр сараас эхлэн тус эмнэлэгт манай улсын хоёр хүүхэд үнэ төлбөргүй эмчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд цаашид нарийн мэргэжлийн эмч, эмчилгээ шаардсан, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийхээр төлөвлөж буйг Матилда олон улсын эмнэлгээс мэдэгдэж байна.
Матилда олон улсын эмнэлэг Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Эх нялхсын төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газар болон бусад сайн дурын байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулалт явуулдаг болно.

тагууд: aboutCG