ХОНКОНГИЙН 8 ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАНА
Хонконгийн их сургууль (HKU), Хонконгийн Шинжлэх ухаан, техникийн их сургууль (HKUST), Хонконгийн Хятадын их сургууль (CUHK), Политехникийн их сургууль (PolyU), Сити их сургууль (CityU), Хонконгийн Баптист их сургууль (HKBU), Лингнан их сургууль (LU), Хонконгийн Боловсролын их сургууль (EdUHK) зэрэг нийт 8 их, дээд сургуулийн төлөөлөл 2024 оны 10 дугаар сарын 2-7-ны өдрүүдэд Монгол Улсад томилолтоор ажиллахаар төлөвлөж байна.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан дээрх дурдсан ажлын хэсгийг ахалж буй Хонконгийн Сити их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч, тус сургуулийн дэд ерөнхийлөгч Вэн Жун Ли-тай 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хонконгийн боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар ярилцаж, Хонконгийн их, дээд сургуульд Монгол Улсын оюутнуудыг суралцуулах, хоёр талын их, дээд сургуулийг холбох, харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтоох, багш нарын мэргэжил дээшлүүлэх, оюутан солилцоог бэхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. Мөн Хонконгийн их, дээд сургуулийн төлөөлөгчдийн Монгол Улсад хийх айлчлалын үеэр Хонконгийн боловсролын салбарын тухай танилцуулгыг Монгол Улсын бүрэн боловсролын дунд сургуулийн захирал, багш, сурагч, эцэх, эх нарт танилцуулж, Хонконгийн Засгийн газрын тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөж буй юм.
Одоогийн байдлаар Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн жагсаалтад Хонконгийн 5 их сургууль багтаж буй онцлогтой. Сүүлийн жилүүдэд Монгол Улсаас Хонконгд суралцаж буй, ялангуяа тэтгэлэгт хамрагдсан Монгол Улсын оюутнуудын тоо нэмэгдэж буйг хонконгийн тал онцлов. Тухайлбал, Монгол Улсаас Хонконгийн их, дээд сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд суралцахаар материалаа илгээсэн сурагч нарын 80 гаруй хувь нь суралцах урилга, 60 гаруй хувь нь тэтгэлгийн санал авсан болохыг хонконгийн тал дурдаж, Монгол Улсын сурагч нарын сургалтын түвшин өндөр байгаа нь тод илрэл гэж тэмдэглэв.