images

ХОНКОНГ - ОЛОН УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛОМЖ

Консулын газрын зарлал

2024-10-03

161

Дорнын болон Өрнөдийн соёлыг хослуулсан бүс нутгийн хувьд Хонконгд гадаадын иргэдэд суралцахад таатай орчин юм. Хонконгийн их, дээд сургуулиудад 100 гаруй мянган оюутан, 10 гаруй мянган багш, ажилтантай тул мэдлэг, инновацын төвийн онцлогийн тод жишээ юм. Олон улс орны иргэд тус бүс нутагт суралцаж, амьдардаг тул боловсролын хувьд шинэ орчныг бий болгодог. Төрийн өмчит их, дээд сургуульд сурдаг таван оюутан тутмын нэг нь гадаад оюутан, эрдэм шинжилгээний ажилтнуудын гуравны хоёр нь гадаадын боловсон хүчин байгаа юм. Хонконгийн Засгийн газрын зүгээс жилдээ 21 тэрбум хонконг доллар (ойролцоогоор 2,7 тэрбум ам. доллар)-ын санхүүжилт хуваарилдаг бөгөөд санхүүжилтэд олон улсын шилдэг 100 их сургуулийн жагсаалтад багтсан Хонконгийн 5 их сургууль хамрагддаг, мөн Хонконгийн хоёр их сургууль Азийн шилдэг 10 их сургуулийн жагсаалтад тэргүүлэх байр эзэлж байна. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар 2023 оны бодлогын тайландаа Хонконг цаашид олон улсын боловсролын төв болгох зорилт тавин ажиллах алсын харааг дэвшүүлсэн. Тухайлбал, гадаад улсын оюутнуудын квотыг 1 дахин нэмэгдүүлэх, тэтгэлгийн хүрээг өргөжүүлэх, оюутны дотуур байрыг нэмэгдүүлэх, төгсөгчдөд чиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж байна.
ДЭЛХИЙН ТЭРГҮҮНИЙ БОЛОВСРОЛ, СУРАЛЦАХ БОЛОМЖ
Чанартай боловсролыг хүртээмжтэй болгох, чанартай боловсон хүчин бэлтгэх гэсэн үндсэн суурь дээр Хонконгийн их сургуулиудын амжилт оршдог. Сургалтын чанарт онцгой ач холбогдол өгч, оюутнууд хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд тулгарч буй бэрхшээлийг даван туулах чадвартай болох нь чухал. Сүүлийн үед хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс дурдвал, 100 сая хонконг доллар (13 сая ам. доллар)-ын сантай бүтээлч шинжлэх ухааныг дэмжсэн хөтөлбөрийг танилцуулж, сургалтын хөтөлбөрт тусгасан, мөн түүнчлэн, 100 сая хонконг доллар (13 сая ам. доллар)-ыг оюутан солилцооны хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хуваарилсан байна.
СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЭГНЭЭНД НЭВТРҮҮЛЭХ
Хонконгийн дээд боловсролын салбар нь судалгааны амжилт, бүтээлээрээ олон улсад чухал байр суурь эзэлдэг. 2020 онд хийсэн судалгаа, үнэлгээний ажлын дүнгээс үзэхэд, судалгаа, үнэлгээний төслүүдийн 70 орчим хувь нь “олон улсын шилдэг төсөл” гэж үнэлэгдсэн. Төрөөс их хэмжээний санхүүжилт олгодог нь судлаачдыг бүтээлч судалгаа хийхэд ихээхэн дэмжлэг болж ирсэн. Судалгааны санхүүжилтийн зөвлөл (RGC) нь амбицтай, төлөвшсөн эрдэмтдийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Хонконгийн докторын тэтгэлэгт хөтөлбөр (HKPFS)-ийг багтаасан олон төрлийн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлдэг онцлогтой. 2009 оноос хэрэгжүүлсэн эхэлсэн HKPFS хөтөлбөр нь доктор зэргийн суралцагч 3400 гаруй оюутнуудад 100 хувийн тэтгэлэг олгосон бөгөөд жил бүр 100 гаруй улс орноос 10 мянга орчим өргөдөл хүлээн авч байна. Мөн магистрын зэргийн суралцах оюутнуудын квотыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг оюутнуудыг Хонконд суралцах боломжоор хангах чиглэлээр ажиллаж байна.
ХОНКОНГИЙН ТЭТГЭЛЭГ
Олон улсын оюутнуудыг татах Хонконгийн стратегид хүртээмжтэй тэтгэлэг олгох нь чухал гэж үзэж байна. Боловсролын газар (EDB)-аас олон төрлийн тэтгэлэг зарладаг бөгөөд тэдгээрээс "Бүс ба Зам"-ын тэтгэлэгийг онцлон тэмдэглэе. Сүүлд байгуулсан хэлэлцээрийн дагуу 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн жилдээ Монгол Улсын 5 хүртэлх иргэдэд тэтгэлэг (Сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлнө) олгодог болж, Монголын залуучуудад илүү нээлттэй боломж нээж өгч байна. Түүнчлэн, их, дээд сургуулиуд зүгээс сурлагын дүнд суурилсан тэтгэлэг олгох замаар шилдэг оюутнуудыг сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлж, амьдрах зардлын тодорхой хувийг хөнгөлөх тогтолцоо хэрэгжиж байна. Эдгээрээс гадна, тамирчдын болон бусад эрдэм шинжилгээний бус тэтгэлэг ч мөн олгож буй юм.
ХОНКОНГИЙН БОЛОМЖ
Хятадын арван дөрөвдүгээр “Таван жилийн төлөвлөгөө”-нд Хонконг нь Хятадын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж дурдсан болно. Уг төлөвлөгөөгөөр 8 “төв”-ийг онцолсон бөгөөд Хонконгийн хувьд санхүү, соёлын солилцоо, оюуны өмчийн бирж гэх зэрэг өвөрмөц давуу байдал, олон улс дахь статусаа ашиглана гэж тэмдэглэв. Тухайлбал, Гуандун-Хонконг-Макао Их булангийн бүсийн бүтээн байгуулалт нь дээр суурилуулан бүтээлч судалгаа болон гарааны бизнесийг амжилттай эхлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Иймд Хонконг өөрийн олон улсын дээд боловсролын төв гэх байр сууриа бэхжүүлэх, шинэчлэлд тэмүүлсэн боловсролыг хөгжүүлэх хүрээнд гадаад улс орнуудын оюутан, эрдэмтэн судлаачдыг урьж байна.
ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ ЭГНЭЭНИЙ НАЙМАН ИХ СУРГУУЛЬ
Хонконгийн их сургуулийн тэтгэлэгийн хороо (UGC) нь Хонконгийн дээд боловсролын санхүүжилт, стратеги, хөгжлийн чиглэлээр Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газарт зөвлөдөг төрийн бус байгууллага юм. Энэ хүрээнд UGC нь UGC-аас санхүүждэг 8 их сургууль, Засгийн газар, иргэний байгууллагатай хамтран дээд боловсролын салбарын чанартай хөгжлийг дэмжих, Хонконгийн боловсролын төв статусыг бэхжүүлэх, шилдэг боловсон хүчин бэлтгэх, Хонконгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихийн төлөө ажиллаж байна.
*UGC-аас санхүүждэг найман их сургууль:
1. City University of Hong Kong, Хонконгийн Сити их сургууль,
2. The Hong Kong Baptist University, Хонконгийн Баптист их сургууль,
3. Lingnan University, Лингнан их сургууль,
4. The Chinese University of Hong Kong, Хонконгийн Хятадын их сургууль,
5. The Education University of Hong Kong, Хонконгийн Боловсролын их сургууль,
6. The Hong Kong Polytechnic University, Хонконгийн Политехникийн их сургууль,
7. The Hong Kong University of Science and Technology, Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль,
8. The University of Hong Kong, Хонконгийн их сургууль.
ХОНКОНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ
Хонконгийн их сургууль (HKU), Хонконгийн Шинжлэх ухаан, техникийн их сургууль (HKUST), Хонконгийн Хятадын их сургууль (CUHK), Политехникийн их сургууль (PolyU), Сити их сургууль (CityU), Хонконгийн Баптист их сургууль (HKBU), Лингнан их сургууль (LU), Хонконгийн Боловсролын их сургууль (EdUHK) зэрэг нийт 8 их, дээд сургуулийн төлөөлөл 2024 оны 10 дугаар сарын 2-7-ны өдрүүдэд Монгол Улсад томилолтоор ажиллаж байна.
Улаанбаатар хотноо 2024 оны 10 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотын олон улсын их сургууль (International School of Ulaanbaatar – ISU)-ийн байранд зохион байгуулагдах Global University Fair үзэсгэлэнд Хонконгийн их, дээд сургуулийн төлөөлөгчид оролцож мэдээлэл өгнө. Тухайлбал, хуваарийн дагуу 10 дугаар сарын 6-ны өдрийн 15.00-15.20 хооронд Хонконгийн их, дээд сургуулийн төлөөлөл Хонконгд суралцах талаарх дэлгэрэнгүй танилцуулах болно.

тагууд: aboutworkNdays