Хонконгийн Матилда олон улсын эмнэлэгт монгол хүү сонсголын хагалгаанд үнэ төлбөргүй хамрагдаж нутаг буцлаа
Хонконгийн Матилда олон улсын эмнэлэгт Матилда хүүхдийн сангийн санхүүжилтээр монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үзүүлж байна. Энэ оны 9 дүгээр сард шинэ өвчтөн, 7 настай хүүг Матилда олон улсын эмнэлэг хүлээн авсан. Сонсголын бэрхшээлтэй хүүд мэс заслын эмчилгээ хийлгэж, яс дамжуулах соронзон аппарат суулгаснаар сонсголын чадвар нь сайжирсан бөгөөд тус эмнэлэгт долоо хоног хяналтад байж нутаг буцав.
Хонконгийн Матилда олон улсын эмнэлэг, Матилда хүүхдийн сан, Хонконг дахь ЕКГ уг асуудлаар нягт хамтран ажиллаж, Монголын хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийлгэх боломжийг олгож байна. Энэхүү хамтын ажиллаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн 2023 оны 9 дүгээр сард Матилда олон улсын эмнэлэг Монгол Улсын Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд энэ 2024 оны 8 дугаар сард Монгол Улсын Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй мөн санамж бичиг байгуулж, хамрах хүрээгээ тэлж, эрүүл мэндийн тусламжийн шаардлагатай буй монгол хүүхдүүдэд нарийн мэргэжлийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр үргэлжлүүлэн хийж байна.
Сонсголын бэрхшээлтэй хүү гавлын ясанд соронзон дамжуулагч төхөөрөмж суулгах мэс засалд оржээ. Энэ төхөөрөмж нь гадаад дууны процессортой илүү тогтвортой холболтыг тогтоодог бөгөөд түүний сонсголыг мэдэгдэхүйц сайжруулах юм.
Матилда олон улсын эмнэлгийн тухай
Matilda International Hospital (https://www.matilda.org) нь олон улсын стандартад нийцсэн ашгийн бус хувийн эмнэлэг юм. Эрүүл мэндийн үзлэг, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, ортопед, нуруу, чих хамар хоолой, ерөнхий мэс засал гэх зэрэг үндсэн чиглэлээр мэргэшсэн.
Матилда хүүхдийн сангийн тухай
The Matilda Children’s Foundation (https://www.matildacf.org) нь Зүүн Өмнөд Азийн бүс нутагт эмчлүүлэхэд хүндрэлтэй, ховор, нарийн мэргэжлийн эмч, эмчилгээ шаардсан онош тогтоогдон, хагалгаа шаардлагатай зэрэг өндөр зардал бүхий эмчилгээнд санхүүгийн боломжгүй хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Матилда олон улсын эмнэлгийн эмч, ажилтнууд сайн дурын үндсэн дээр цаг хугацаа, мөнгө, туршлага, нөөц бололцоогоо хандивлаж, мэс заслын олон төрлийн үйлчилгээг үзүүлж байна.
Матилда хүүхдийн сан нь 2003 онд байгуулагдсан цагаасаа хойш бүс нутгийн нийт 65 хүүхдийг 92 хагалгаанд оруулахад дэмжлэг үзүүлсэн онцлогтой.