images

ХОНКОНГИЙН МАТИЛДА ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ХҮҮ ГУРАВ ДАХЬ ХАГАЛГАА НЬ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Консулын газрын мэдээ

2024-10-24

98

Хонконгийн Матилда олон улсын эмнэлэгт Монгол Улсад эмчлүүлэхэд хүндрэлтэй, ховор, нарийн мэргэжлийн эмч, эмчилгээ шаардсан онош тогтоогдон, хагалгаа хийх шаардлагатай зэрэг өндөр зардал бүхий эмчилгээнд санхүүгийн боломжгүй монголын хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлүүлэх сайн үйлсийн аяныг Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газар, Хонконгийн Матилда олон улсын эмнэлэг, МИАТ ТӨХК-тай хамтран 2023 оны 12 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж ирсэн билээ.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Хонконгд эмчлүүлж буй 7 настай хүү Г.Ц 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гурав дахь хагалгаанд орлоо. Хүүхдийн бөөрний мэс заслаар мэргэшсэн, роботын гараар бөөрний мэс засал хийх технологийг Ази тивд нэвтрүүлсэн Хонконгийн тэргүүлэх эмч болох профессор Юн Чун Квок энэхүү хагалгааг гүйцэтгэсэн бөгөөд 6 сарын дараа Г.Ц. хүү Хонконгд дахин хүрэлцэн ирж, эмчийн хяналтад орохоор төлөвлөгдөж буй.
Хонконг дахь Ерөнхий консул О.Хулан Матилда олон улсын эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан албан хаагчдад талархлаа илэрхийлэн тус эмнэлгийн бизнес хөгжил хариуцсан захирал Лин Фон, ерөнхий эмч Гэри Чунг нартай хамт бяцхан Г.Ц. хүүгийн эрүүл мэндийн байдалтай танилцаж, эмчилгээний үр дүнгийн талаарх эмчийн зөвлөгөөг сонсож, цаашид хэрхэн хамтран тусламж үзүүлэх талаар санал солилцов.
Матилда олон улсын эмнэлэг нь 1907 онд байгуулагдсан бөгөөд тус бүс нутгийн хамгийн эртний хувийн эмнэлгүүдийн нэг юм. Тус эмнэлэг нь өндөр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, амбулаторийн төрөл бүрийн үйлчилгээ зэрэг олон төрлийн анагаах ухааны чиглэлээр алдартай юм.

тагууд: aboutCG