images

ЗӨВЛӨМЖ

Сэрэмжлүүлэг

2025-06-30

12

Эрхэм зорчигч Та эрх зүйн нэг орчноос нөгөө орчинд ирсэн тул тус ЕКГ энэ улсын хууль журамд нийцүүлэн Таны эрх зүйн байдлыг хамгаалах хуулийн үүрэгтэй юм. Зорчиж буй улсынхаа түүх соёл, уламжлалыг хүндэтгэж, хууль, эрх зүйн талаар суурь ойлголт авах нь Таны хувьд ч хууль ёсны эрхээ эдлэхэд нэн чухал.

Юуны өмнө Хонконгийн Гаалийн байгууллага, Гадаадын иргэн харъяатын газар (Immigration Department)-аас хилийн хяналт шалгалтыг чангатгаж, зорчиж буй гадаадын иргэдэд нийтэд нь дараах шаардлагыг тавьж байгааг мэдээлэл өгөх зорилгоор Танд уламжилж байна. Үүнд:

  1. Шууд болон эх газраар дамжин буцах чиглэл, хэлбэрээ тогтоож, тасалбар, тийзээ захиалсан байх.
  2. Байрлах зочид буудал, орон сууцны хаяг, бусад мэдээлэл баталгаажсан байх.
  3. Олон улс, тухайн нутаг дэвсгэрт хориглосон болон хязгаарласан эд зүйлс авч явахгүй байх.
  4. Хэрэглээний бэлэн мөнгөтэй байх.
  5. Бусдын дайвар ачааг авахгүй байх зэрэг болно.

Мөн Хонконгийн орон нутгийн захиргаа, хууль, хяналтын байгууллагын зүгээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, хууль бусаар оршин суух, хөдөлмөр эрхлэх явдалтай тэмцэх зорилгоор шаардлагатай гэж үзвэл дурын сонгосон газартаа гэнэтийн шалгалт зохион байгуулж байгаа тул биедээ паспорт, хилээр нэвтэрсэн тасалбараа байнга авч явахыг зөвлөж байна.

Үүний зэрэгцээ хилийн чанадад зорчиж буй иргэдийн холбогдсон гэмт хэрэг, зөрчилд дүгнэлт хийж, доорхи журмыг дагаж мөрдөх нь Та өөрийн эрх зүйн байдлаа хамгаалахад ач холбогдолтой юм. Үүнд:

  • Нийтийн тээвэр, гудамж талбайд ил задгай хог, шүлс хаяхгүй байх,     (1350000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгуультай)
  • Зөвшөөрөгдөөгүй газарт тамхи татахгүй байх, (675000-2250000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгуультай)  
  • Гэрлэн дохио зөрчих, гарцгүй газраар гарахгүй байх, (900000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгуультай)
  • Аль ч газар согтуурч танхайрах, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх,  (900000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгуультай)
  • Авилгатай тэмцэх хуулийн хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг тул аль ч шатны төрийн албан хаагчид ямарваа хэлбэрээр бэлэг, шан харамж, хөнгөлөлт, урамшуулал өгөхгүй байх,
  • Цаг агаар, ундны ус, хоол хүнсний бүтэц, үзүүлэлт солигдсон тул согтууруулах ундааны зүйлсийг шаардлагатай гэж үзвэл өөрийн хэрэглэдэг хэвийн хэмжээнээс 2-3 дахин бага хэмжээгээр хэрэглэх,
  • Хар тамхи худалдаж авах, хэрэглэх, биедээ авч явах нь санаатай болон болгоомжгүйгээс үл хамаарч эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг тул онцгой анхаарах,
  • Ажлын өдрийн 23.00-07.00 цагийн хооронд, амралтын өдрийн аль ч цагт байрлаж буй орчин болон олон нийтийн газарт бусдын дургүйцлийг төрүүлэхүйц чанга дуу чимээ гаргахгүй байх (4500000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгуультай) зэрэг болно.

Түүнчлэн бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо утсаар ярих, олон нийтийн газарт бусдын биед хүрэх, зураг дарах, бичлэг хийх, танихгүй хүүхэд өхөөрдөх, дотносож харилцах зэргийг ёс зүйн зөрчил гэж үздэг тул энэхүү зөвлөмжийг баримтлах нь Та өөрийн эрх зүйн байдлыг хамгаалахад онцгой ач холбогдолтой юм. Анхаарал тавьсанд баярлалаа!

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГ, МАКАОД СУУГАА

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР