НИПА ВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зүүн хэсэгт орших Баруун Бенгал мужид Нипа вирусын халдварын таван тохиолдол бүртгэгдэж, уг нөхцөл байдалтай холбогдуулан 100 орчим иргэнийг хорио цээрийн дэглэмд хамруулжээ. Тус улсын эрх бүхий байгууллагууд халдварын дэгдэлтийг хяналтад авах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.
Халдвар авсан иргэдийг Баруун Бенгал мужийн төв Колката хот болон ойр орчмын бүсийн эмнэлгүүдэд хэвтүүлэн эмчилж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд Нипа вирусын тархалт, эрсдэлийг тасралтгүй судалж байгаа бөгөөд цаашид халдвар нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулсаар байна.
Одоогоор Монгол Улс болон бүс нутгийн бусад оронд уг халдварын шууд тархалт бүртгэгдээгүй хэдий ч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтын арга хэмжээг чангатгаж, зарим улсын нисэх буудлуудад зорчигчдод эрүүл мэндийн тандалт, шалгалт хийж эхэлжээ.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн:
• Халдварын голомт болсон улс, хот, муж, дүүрэгт зорчихоос аль болох татгалзах,
• Хувийн ариун цэврийг чанд сахих,
• Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг тогтмол мөрдөж, өөрийн болон гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүсээ Нипа вирусын халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР