images

“Resourcing tomorrow” олон улсын бага хурлын талаар

Консулын газрын мэдээ

2026-05-15

146

Уул уурхай, ашигт малтмал, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын чиглэлээр олон улсын арга хэмжээ зохион байгуулж ирсэн, энэ чиглэлээр 20 жилийн туршлагатай Beacon events байгууллагаас “Resourcing tomorrow” олон улсын бага хурлыг 2026 оны 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд БНХАУ-ын ЗЗОБ Хонконгд зохион байгуулав. Уг арга хэмжээнд уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй орны 80 орчим компани, олон улсын байгууллага, төр засгийн төлөөлөл оролцсоноосд Монгол Улсыг төлөөлж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Гэрээ эрх зүй, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Т.Ганбаатар оролцож, “Монгол Улсын уул, уурхайн салбарын хөрөнгө оруулалтын боломж” сэдэвт дугуй ширээний уулзалтын үеэр оролцогсдын сонирхсон асуултад хариулт өгч уул уурхай, эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн орчин, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар болон хэрэгжүүлж байгаа бодлого чиглэл, гарч буй үр дүнгийн тухай мэдээлэл өгч, танилцуулга хийв.

Бага хурлын нээлтэнд үг хэлсэн Хонконгийн Санхүүгийн үйлчилгээ, төрийн сангийн хорооны орлогч дарга Жозеф Чэн “Хонконг нь “Нэг улс, хоёр систем” зарчмаас маш өргөн давуу талыг өөртөө бий болгож байна. “Нэг улс” гэдэг ойлголтын дор эх газрын зах зээл рүү нэвтрэх таатай боломжийг эдэлж, хөрөнгө, санхүүгийн удирдлагыг хангаж чадаж байгаа бол “Хоёр систем” ойлголтын хувьд хөрөнгийн чөлөөт урсгал, нийтийн эрх зүйн тогтолцоо, татварын таатай орчин, олон улсын гол зах зээлийг зохицуулах боломжийг бий болгож чадаж байна” гэж тэмдэглэсэн нь оролцогчдод хандсан чухал мэдэгдэл боллоо.

Бага хурлын төгсгөлд олон улсын өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалж хөрөнгийн урсгал Ази тив рүү шилжиж байгааг онцлон тэмдэглээд ирэх жилийн ээлжит хурлыг 2027 оны 4 дүгээр сарын 14-15-ны өдөр зохион байгуулахаар тохиролцсоноор Бага хурлын ажиллагаа өндөрлөв.


тагууд: aboutCG