БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд зорчих эсвэл дамжин өнгөрөх иргэдэд зориулсан сэрэмжлүүлэх мэдээ
Хонконгд жил бүрийн 5-11 дүгээр сарын хооронд Тайфун буюу далайн хүчтэй хар салхины улирал тохиодог тул энэ хугацаанд зорчиж буй Монгол Улсын иргэд тухайн орон нутгийн онцгой байдлын дохио, журмыг чанд мөрдөх шаардлагатай.
Хонконгийн Цаг уурын газар (Hong Kong Observatory) хар салхины аюулын түвшнийг тусгай дугаарласан системээр (Typhoon Signals) зарладаг бөгөөд дохио тус бүрд дараах арга хэмжээг авна.
Хар салхины аюулын зэрэглэл ба авах арга хэмжээ:
• T1 (Standby) – Бэлэн байх дохио: Хар салхи Хонконгоос 800 км-ийн зайд ойртон ирснийг анхааруулна. Амьдралын хэмнэл хэвийн үргэлжлэх ч цаг уурын мэдээг тогтмол хянах хэрэгтэй.
• T3 (Strong Wind) – Хүчтэй салхины дохио: Салхины хурд 41–62 км/цаг хүрнэ. Тагт болон дээвэр дээрх хөнгөн эд зүйлсийг дотогш оруулж, бэхлэх шаардлагатай. Усан замын жижиг завины хөдөлгөөн зогсоно.
• T8 (Gale or Storm) – Шуурганы аюултай түвшин: Салхины хурд 63–117 км/цаг хүрч, Хонконгийн хэвийн үйл ажиллагаа бүхэлдээ хязгаарлагдана. Сүүлийн 2 цагийн анхааруулга зарлагдмагц яаралтай гэр, зочид буудал руу буцах эсвэл хоргодох байранд очих ёстой.
• T9 ба T10 (Hurricane) – Гамшгийн түвшин: Салхины хурд 118 км/цагаас давж, хар салхи Хонконгийг шууд дайран өнгөрнө. Тагт, цонхоос хол, барилгын гүн хэсэгт байрлах хэрэгтэй.
Тээвэр, үйлчилгээнд гарах өөрчлөлт (Т8 ба түүнээс дээш түвшинд)
• Албан байгууллагууд: Бүх сургууль, цэцэрлэг, банк, төрийн байгууллага, дэлгүүр, үзвэр үйлчилгээ бүрэн хаагдана.
• Нисэх онгоц: Нислэгүүд цуцлагдах эсвэл саатах тул нисэх буудал руу явахаасаа өмнө Хонконгийн олон улсын нисэх буудлын цахим хуудаснаас нислэгийн төлөвөө заавал шалгах шаардлагатай.
• Нийтийн тээвэр: Автобус, усан тээвэр, таксины үйлчилгээ бүрэн зогсоно. Метроны газар дээрх ил задгай чиглэлүүд шууд зогсох ба газар доорх чиглэлүүд хязгаарлагдмал хуваариар ажиллана.
Хонконгд 2026 оны 7 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд тохиосон Т8, Т9 түвшний хар салхины улмаас Хонконгийн Олон улсын нисэх буудалд нийтдээ 360 гаруй нислэг цуцлагдаж, 240 орчим нислэгийн хугацаа хойшилсон тохиолдол гарсаны дотор Улаанбаатар-Хонконг, Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэг ч багтсан.
Иймд Хонконгд зорчиж буй болон зорчихоор төлөвлөж буй иргэд хар салхины улмаас учирч болзошгүй аюулгүй байдлыг сахих, санхүүгийн хэрэгцээ, аялалын хөтөлбөрөө зохицуулах шаардлагатайг анхаарна уу.