ХОНКОНГД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Хонконгийн Засгийн газар, БНХАУ-ын Соёл, Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр жил бүр зохион байгуулагддаг “ITE Hong Kong 2027” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2027 оны 6 дугаар сарын 10-13-ны өдөр Хонконгийн Ванчай дүүрэгт байрлах Үзэсгэлэн, хурал зөвлөгөөний төвд зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээ нь олон улсын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, хамтран ажиллах түнш компанитай холбоо тогтоох, тээвэр ложистикийн боломжуудыг танилцуулах, аялал жуулчлалын салбарт шинээр нэвтэрч буй шилдэг технологийг хуваалцах зорилготой бөгөөд “B2B”, “B2C” зэрэг хэлбэрээр хурал, уулзалтуудыг зохион байгуулах боломжийг оролцогчдод олгодог юм.
Хонконгийн жуулчид нь аялал жуулчлалын чанарын үзүүлэлтийг тодорхойлдог “World tour barometer”-ийн 2026 оны 5 дугаар сард гаргасан жагсаалтад дэлхийд 15 дугаарт жагсаж байна. Тодруулбал, Хонконгийн жуулчин бүр аялсан орондоо дунджаар 4,040 ам.долларын худалдан авалт хийдэг бол Өмнөд солонгосын жуулчид 692 ам.доллар, ХБНГУ-ын жуулчид 1,568 ам.долларыг зарцуулдаг гэсэн байна.
Монгол Улсаас Хонконгд суугаа Ерөнхий консулын газар нь дээрх төрлийн аялал жуулчлалын экспод оролцох дотоодын аж ахуйн нэгж, компаниудад мэдээллийн дэмжлэг үзүүлэх, зохион байгуулагчидтай холбож өгөх зэргээр ажиллаж ирсэн туршлагатай бөгөөд сонирхсон аж ахуйн нэгж, компаниуд манай [email protected] цахим шуудангаар албан ёсны хүсэлтээ илэрхийлэх, +852 2522 2400 утсаар холбогдох эсвэл уг арга хэмжээний зохион байгуулагчидтай [email protected] цахим шуудан, +852 3155 0600 утас, +852 9400 8444 Whatsapp хаягуудаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
https://www.itehk.com/travelexpo/index.php?menuID=main&module=content&topLevel=1040&subLevel=3&lang=en