images

КАНАДЫН ДУУЧИН THE WEEKND-ИЙН ТОГЛОЛТ ХОНКОНГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ИДЭВХЖҮҮЛЭВ

Консулын газрын мэдээ

2026-11-02

1

Дэлхийн поп од The Weeknd (Эйбел Тесфайе) өөрийн түүхэн "After Hours Til Dawn" аялан тоглолтоо 2026 оны 10 дугаар сарын 24-25 болон 30-31-ний өдөр Хонконгийн шинээр нээгдсэн Kai Tak цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. Тус тоглолт нь олон улсын болон Монголын үзэгч, жуулчдын анхаарлыг татаж, Хонконгийн эдийн засаг, аялал жуулчлалын салбарт томоохон түлхэц үзүүлсэн байна. Тухайлбал, түүний 4 өдрийн тоглолт нь 100 гаруй сая ам.долларын орлого оруулсныг Хонконгийн South China Morning Post сонин мэдээллээ. Тоглолтын үеэр Хонконгийн зочид буудлуудын дүүргэлт, хоолны газруудын ачаалал, метро, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрс нэмэгдэж, тээвэр ложистикийн шинэ түр чиглэлүүдийг бий болгосноос гадна үйлчилгээ, хамгаалалтын болон бусад шаардлагатай түр ажлын байрууд 10 мянга гаруйг шинээр бий болгосон гэв. Дэлхийн хүүхэд, залуучуудын дунд ид хүчээ аваад буй уг уран бүтээлч Хонконг дахь тоглолтынхоо үеэр “Хонконг” нэртэй дуу зохиосноо анх удаа толилуулж, бэлэг барьсан нь эдийн засгийн ашиг орлогоос илүүтэй соёлын хүч, нөлөөллийг ашигласан сурталчилгаа өндөр ач холбогдолтойг илтгэн харуулсан үйл явдал боллоо. Гадаадын үзэгчдэд санал болгосон өндөр зэрэглэлийн тасалбаруудыг тухайн худалдан авагчийн буудаллах зочид буудал, Диснейлэндийн тасалбар зэрэг бусад салбарын үйлчилгээний эрхтэй багц болгон худалдсан арга хэлбэрийг манай улсын Үндэсний их баяр наадам зохион байгуулахад хэрэглэж болох юм.