СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Хонконгийн Аюулгүй байдлын хорооны Хар тамхитай тэмцэх хэлтэс Каннабидол (CBD)-ыг аюултай эмийн жагсаалтад оруулж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг өвдөлт намдаах, нойргүйдлыг эмчлэх, арьс арчилгаанд тустай хэмээн сурталчилж, олон нийтийн дунд түгээмэл хэрэглэгдэх болсон. Хонконгийн мэргэжилтнүүд Каннабидолыг олсны төрлийн ургамал каннабисаас гаргаж авдаг тул донтолт үүсгэж, хий зүйл харах, сэтгэцийн эмгэг үүсгэх, сэтгэл санааг хямралд оруулах аюултай хэмээн үзэж байна.
Саяхан Хонконгийн Аюултай эмийн тухай хуульд тодорхой нэмэлт өөрчлөлт орж, аюултай эмийн жагсаалтад “Каннабидол”-ыг багтаасан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж. Хэрэв “Каннабидол”-ыг хэрэглэвэл 7 хүртэл жилийн хорих ял оноож, 1 сая хонконг долларын торгууль ногдуулах бол энэ төрлийн бодисыг хууль бусаар үйлдвэрлэж, худалдаалбал бүх насаар нь хорих ял оноож, 5 сая хонконг долларын торгууль ногдуулах заалттай болж байна.
Иймд Монгол Улсын иргэдийг Хонконгийн хилээр нэвтрэх, оршин суух хугацаанд энэ төрлийн бодис агуулсан хүнс, гоо сайхан болон эм, эмийн бүтээгдэхүүнийг биедээ авч явах, хэрэглэх, хадгалахгүй байх талаар сэрэмжлүүлж байна.