ИРГЭДИЙН АНХААРАЛД!
Хонконгд 2024 онд залилах гэмт хэрэг 44480 бүртгэгдсэн нь 2023 онтой харьцуулахад 4656 хэрэг буюу 11.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт гэмт хэргийн 46.9 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд үүний 61.8 хувь нь цахим орчин, гар утсаар үйлдэгдсэн нь анхаарал татаж байна. Өнгөрсөн оноос эхлэн аль нэг аж ахуйн нэгж, байгууллагын “Үйлчлүүлэгчтэй харилцах алба” нэрээр залилах шинэ арга хэлбэр дэлгэрэх болов.
Хонконгийн Цагдаагийн байгууллагаас "Scameter+" аппликейшнаар дамжуулан хэрэглэгчдэд сэжигтэй вэбсайт үзэх, дуудлага хүлээн авах үед сэрэмжлүүлэг өгч байна. Тухайлбал, шинээр идэвхжүүлсэн орон нутгийн дугаар (сим карт)-аар хийсэн дуудлагад хариулах үед "Энэхүү дуудлага нь шинэ дугаараас хийгдэж байна" гэсэн дуут дохиог эхлээд сонсгож байна.
Иймд иргэн Та түр болон удаан хугацаагаар Хонконгд зорчихдоо үл таних хүнээс ирүүлсэн сэжигтэй дуудлага, мессеж, цахим шууданд сайтар нягталсны үндсэн дээр хариу өгөх, төлбөр тооцоо хийхдээ картны мэдээллээ чандлан нууцлахыг зөвлөж байна.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГТ СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР