ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ!
2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хонконгийн Тай По дүүрэгт байрлах орон сууцны “Ван Фук” хороололд гарсан түймэр нь сүүлийн 60 жилийн хугацаанд болсон хамгийн том галын осолд тооцогдож байна. Одоогийн байдлаар гал түймрийн улмаас 100 орчим хүн нас барсан бол гэмтэж бэртсэн иргэдийн тоо 76-д хүрч, 300 орчим хүн сураггүй болсон байна.

Гал 14 цаг 50 минут орчимд тухайн барилгын гадна заслыг шинэчлэх зорилгоор угсарсан хулсан шат шатсанаар эхэлсэн байна. Улмаар хоорондоо хэт ойрхон баригдсан барилгуудад түймэр хулсан шатаар дамжин хурдацтай тархжээ.
Галын эцсийн дүгнэлт гараагүй байгаа боловч урьдчилсан байдлаар хулс, тор, хөөсөнцөр зэрэг галт тэсвэргүй материал ашигласан гэх тайлбарыг албаны зүгээс өгч байгаа бөгөөд барилгын компанийн захирлаар ажиллаж байсан 2, зөвлөхөөр ажиллаж байсан 1 иргэнийг тус тус хүний амь нас хохироосон хэрэгт сэжигтнээр татаж, баривчлаад байна. Зарим оршин суугчдын зүгээс барилгын ажлыг гүйцэтгэж байсан ажилтнууд замбараагүй тамхи татдаг байсан гэж мэдүүлжээ.
Түүнчлэн дээрх үйл явдал нь орон сууцны барилгын болон засварын ажлын стандарт, түүний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах ёстойг харуулж байна гэж иргэдийн зүгээс шүүмжилж байна.
Иймд иргэд Та бүхэн:
- Оршин суугаа хаягийн бүртгэлээ тус ЕКГ-т бүртгүүлж, гамшиг тулгарсан үед Шуурхай утас: +852 93057096 /Viber, Whatsapp/ дугаарт холбогдож мэдэгдэх,
- Орон сууцны зохион байгуулалт хариуцсан ажилтнуудаар галын дохиолол, ус шүрших төхөөрөмж зэргийн хэвийн ажиллагааг жил бүр шалгуулж байх,
- Цахилгаан хэрэгсэл болон гал гарах эрсдэлтэй эд зүйлсийн аюулгүй байдлыг хангах,
- Тамхи, тамхины цог зэргийг ил задгай хаяхгүй байх,
- Гал гарсан тохиолдолд хэрэглэх галын хор болон бусад шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ХОНКОНГ, МАКАОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР